Нийт тээврийн хэрэгслийн талаас илүү нь 10-аас дээш жил болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-28 17:30:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл байгаагийн талаас илүү хувь нь 10-аас дээш жил болсон байдгийг өнөөдөр хуралдсан НИТХ-ын ээлжит XXI хуралдаан дээр мэдээллээ.

Өнөөдрийн хуралдаанаар, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцуулсан юм. Агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй байна. Энэ нь нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хамаарч байна. Гамшгийн хэмжээнд хүрээд буй агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлыг богино, дунд, урт хугацааны гэсэн таван чиглэлээр төлөвлөн хэрэгжүүлж байна.

Агаарын бохирдолд өнөөдөр гэр хорооллын утаанаас гадна автомашины тоо жилээс жилд нэмэгдэж, хэт хуучирсан автомашины тоо буурахгүй байгаа нь хамгийн их анхаарал татах байдал болж байна. Энэ нь агаарын бохирдолд нөлөөлөх нэг хүчин зүйл болсоор байна. Иймд дээрх асуудалд онцгойлон анхаарч насжилт дууссан тээврийн хэрэгслийг явуулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа НИТХ-аас мэдэгдлээ.


Өнөөдрийн хуралдаанаар дуулдсан нэг эерэг мэдээлэл нь нийслэлийн хүн амын шилжилт хөдөлгөөн харьцангуй тогтворжиж, хүн ам нийслэлээс гадагшилж байна. Жишээ нь, 2017 онд нийслэлд 9567 хүн албан ёсоор шилжин ирж, 10 мянга гаруй иргэн шилжин явж байсан бол, 2018 онд 6141 нүүн ирж 7100 хүн шилжжээ.

Холбоотой мэдээ