Хятадын Шэнь Жэн хот экспорт, импортын нийт өртгөөрөө улсдаа хоёрт жагслаа

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-01-28 08:50:12


Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Шэнь Жэн хотын экспорт, импортын нийт өртөг долоон хувиар өсөж, Хятадын их газрын хотууд дунд хоёрдугаарт жагссан талаар тус хотын Гаалийн газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлэв.

Шэнь Жэн хотын Гаалийн газрын статистикт дурдсанаар, өнгөрсөн онд тус хотын экспорт, импортын нийт өртөг долоон хувиар нэмэгдэж 3 их наяд юаньд хүрчээ. Ингэснээр Шанхай хотын араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм.  

Тус хотын экспортын нийт өртөг 1.63 их наяд юаньд хүрсэн бөгөөд сүүлийн 26 жил дараалан Хятадын их газрын хотууд дунд уг үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа юм. Харин импортын нийт өртөг 1.37 их наяд юаньд хүрсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ гуравдугаарт орсон байна.

“Шэнь Жэн хот гадаад худалдааны салбарын бүтцийн өөрчлөлтийг тасралтгүй хийж сайжирсаар байна. Бүс нутгийн болон хил дамнасан цахим худалдаа зэрэг нь экспорт, импорт нэмэгдэхэд гол нөлөө үзүүлжээ. Хувийн аж ахуйн нэгжүүд нь гадаад худалдааг хөгжүүлэх, нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна” хэмээн тус хотын Гаалийн газрын Статистикийн дүн шинжилгээний хэлтсийн орлогч дарга Кө Хуожуань хэллээ.

Өнгөрсөн 2018 онд Шэнь Жэн хотоос Хонгконг руу хийсэн экспорт 3.9 хувиар өсөж 680 тэрбум юаньд хүрсэн.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ