ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбад хүсэлт уламжлав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2015-09-17 15:02:56

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хэд хэдэн санал хүсэлт уламжиллаа.

Тэрээр өөрийн УИХ-ын сонгуульд сонгогдсон тойрог болох Баянзүрх, Налайх дүүрэгт ажиллах үеэр иргэдийн гаргасан санал, хүсэлтийг үндэслэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн салбарын сайдад ийнхүү ханджээ.   

Түүний хүсэлтэд гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтад өөрчлөлт оруулах, улсын төсвөөс гаргаж байгаа зардлын хэмжээг нэмэх, эмийн үнийн өсөлт нэмэгдсэн харилцан адилгүй өөр өөр үнэтэй байгаа, эрүүл мэндийн даатгалын хуультай холбоотой дүрэм журмыг боловсруулах, улсын клиникийн хоёрдугаар төв эмнэлгийг тус дүүргийн иргэдэд үйлчилдэг болгох зэрэгт анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ.

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба “УИХ-ын гишүүн зөвхөн Төрийн ордонд суулгүйгээр тойрогтоо ажиллаж ард иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагаанд анхаарлаа хандуулан хамтран ажиллахаар ирсэнд хүндэтгэлтэй хандаж байна. Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтыг энэ оны гуравдугаар сард 119 тоот тушаал гаргаж шинэчлэн баталсан. Өртөг зардал өндөртэй, нарийн техник технологи шаардлагатай ховор тохиолддог өвчний оношилгоо эмчилгээг өөрийн оронд нутагшуулахаас илүү тухайн өвчний оношилгоо, эмчилгээний технологи хөгжсөн бусад оронд оношлуулж эмчлүүлэх нь зардал бага байдаг. Яамны зүгээс гадаадад өндөр зардал гаргаж эмчилгээ хийлгэхийн оронд аль болох эх орондоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах чиглэл рүү анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Манай улсад өмнө нь хийж байгаагүй хэд хэдэн хагалгааг клиникийн эмнэлгүүд амжилттай хийж хэрэгжүүлж эхэлсэн.

 Мөн эм, эмийн хэрэгслийн хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулан Засгийн газарт өргөн бариад байна. Цаашдаа эмийн ерөнхийлөн худалдан авалтыг нэгдсэн журмаар зохион байгуулж, улсын гэх тодотголтой бүх эмнэлгүүдээр нэг үнээр иргэд үйлчлүүлэгчдэд зарж борлуулах чиглэл рүү ажиллаж байна.

 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хувьд иргэдийн дунд зөвхөн дарга нарт үйлчилдэг гэсэн ойлголт байдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, Засгийн газрын болоод УИХ-ын гишүүд болон төрийн өндөр дээд албан хашиж байгаа хүмүүс үйлчлүүлдэг. Баянзүрх дүүргийн хувьд хүн ам олонтой, эрүүл мэндийн нэгдсэн нэг эмнэлэгтэй зэрэг шалтгаантай учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дүүргийн иргэдэд үзүүлэх чиглэлээр судалж үзнэ гэдгээ уулзалтын үеэр мэдэгдээд, салбартай холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох холбогдох хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах үед дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна гэдгээ  илэрхийлэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд