Төрийн үйлчилгээг дунд, доод шатанд хэрэгжүүлэхэд анхаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн
газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлээс “Иргэдийн
оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэхүү жилийн
хүрээнд дэвшүүлсэн зорилтыг хэлэлцэх Нийслэлийн захиргааны байгууллагуудын
төрийн албан хаагчдын зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв ордонд боллоо.
Зөвлөгөөнийг
нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ, “Нэг талаас төрийн үйлчилгээг түргэн
шуурхай, ил тод нээлттэй, хүндрэл чирэгдэлгүй болгох, мөн төрийн албан хаагчдын
сахилга бат, ажлын хариуцлага, ёс зүй, мэдлэг ур чадварыг дээшлүүлж ажиллана.
Нөгөө талаар иргэд нь төр бүхнийг шийдэх ёстой гээд хүлээгээд суух биш, төр, засгийн
байгууллагад асуудлаа ажил хэрэгчээр илэрхийлж, орчин тойрныхоо хөгжил,
шинэчлэлд бүтээлчээр оролцож, ажиллаж амьдарч буй газраа эерэг хандлагыг бий
болгож чадвал агаарын бохирдлоос эхлээд олон асуудлыг шийдвэрлэж, хурдтай
хөгжих боломж бид бүхэнд байна” гэдгийг онцолсон юм.
Зөвлөгөөнд оролцсон
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Бид юуны өмнө шударга бус
явдалтай хамтдаа тэмцэх ёстой. Монголын
төр цэвэр байх учиртай юм. Иймд нийгмийг шударга болгож, төрөө цэвэр ариун
байлгахад төрийн албан хаагч та бүхэн чин сэтгэл гарган зүтгээсэй гэж хүсэж
байна” хэмээн тодотгож төрийн албан хаагчдад хариуцлагатай байх үүрэг өгөв.
Зөвлөгөөнөөр Нийслэлийн
Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн гэр хороололд иргэдэд үйлчлэх төвийг Чингэлтэй дүүргээс эхлэн байгуулж, нийслэл хот Инновацийн
хөгжлийн төвтэй болж хөгжлийн жилийг угтсан олон ажлыг эхлээд байгааг
дуулгаад, энэ онд инновацид суурилсан бүтээн байгуулалтыг өрнүүлсэн жил болно
хэмээн тэмдэглэж байв.
“Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ийн хүрээнд төрийн албан хаагчдыг чадваржуулан, төрийн үйлчилгээг чанаржуулан иргэдэд ойртон хүргэсэн он байна. Энэ онд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд 5800 ажлын байрыг бий болгоно. Ийм боломжийг төр гаргаж өгөх чиг үүргийг нийслэлийн төрийн захиргааны нийт албан хаагчдад өгч байгаагаа мэдэгдлээ.
Төр, засгийн гаргаж буй бодлого, шийдвэрийг дунд болон доод шатанд хэрэгжүүлэхгүй байна
гэсэн шүүмжлэл өнөөдрийн зөвлөгөөний үеэр гарч байсан бөгөөд төрийн үйл
ажиллагааг анхан шатны нэгж, иргэдэд хүргэн хүртээмжтэй ажиллах ёстой албан хаагчид үүнийг анхаарч ажиллахыг нийслэлийн удирдлага
илэрхийлэв. Зөвлөгөөнд
нийслэлийн есөн дүүргийн 1300 гаруй төрийн албан хаагч оролцлоо.
Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал