Оршин суугаа болон үл хөдлөх хөрөнгийн хаяг зөрүүтэй байгаа нь чирэгдэл учруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-24 10:18:44

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт Сэлэнгээс бусад суманд иргэд үл хөдлөх хөрөнгөө баталгаажуулахад оршин суугаа газар, хөрөнгийн байршлын харьяалал зөрүүтэйгээс багагүй маргаан үүсч чирэгдэл учирч байна.

Энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Г.Гантулгаас тодруулахад:

            - Сэлэнгэ сум сумын хөгжлийн төлөвлөгөө батлуулан мөрдөж байгаа учраас иргэдийн хаяг, өмч хөрөнгийн байршлын хувьд ямар нэгэн зөрчил гарахгүй байгаа. Харин бусад сумын хувьд суурьшлын бүсээ тогтоогоогүй, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө байхгүй учраас үл хөдлөх хөрөнгөө баталгаажуулахад бэрхшээл учирч байгаа гэсэн Тухайлбал: Хишиг -Өндөр сумын төвийн багийн иргэн хашаа байшингийн эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авах гэтэл хөрөнгийн байршил нь хөдөөгийн багт харьяалагдаж, өөрөө төвийн багт бүртгэлтэй байгаа зөрчилдөж, шийдвэрлэх боломжгүй байна гэж тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Ганчимэг ярьсан юм. Тус сумын хувьд нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөө боловсруулаагүй учир суурьшлын бүсээ шинэчлэн тогтоогоогүй, төвийн айл өрх тэлж бууснаас ийм зөрчил гарч байгаа гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Булган аймаг энэ онд газрын кадастр, иргэний хаягийн бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн баталгаа хийхтэй холбоотой зөрчлийг шийдвэрлэх зорилгоор нийт багийн хилийн зааг тогтоох, долоон сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний 310,0 шахам сая төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм. "Баг  хилийн цэс гэж байхгүй. Гэтэл баг нь засаг захиргааны нэгж учраас хилийн зааг тогтоох учиртай" гэж аймгийн ИТХ ын төлөөлөгч Ц.Энхбат ярьж байна.

 

Холбоотой мэдээ