Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үнэлгээ хийж сурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-23 22:10:06

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн шийдвэр гаргах түвшний 40 гаруй албан хаагчид гамшиг, гамшгийн үеийн бэлэн байдал, онцгой байдлын үе дэх хүүхдийн асуудлын талаар мэдлэг олгосноор гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүүхдэд ээлтэй төлөвлөж, гамшгийн эрдслийг бууруулах аргад суралцуулах үр дүнтэй сургалт боллоо.

Ямарваа гамшиг ослын онцгой байдлын үед хамгийн их хохирол амсдаг нийгмийн бүлэг нь хүүхдүүд байдаг. Хэдийгээр аливаа гамшиг, онцгой байдал тохиолдсоны дараа хүүхдийн хэрэгцээ шаардлага хангасан тусламж, дэмжлэгийн талаар ярьж, үйл ажиллагаагаа чиглүүлдэг ч болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдний эрсдэл, эмзэг байдлыг бууруулах арга хэмжээний талаар шийдвэр гаргагч нарын ойлголт, мэдлэг дутмаг байдаг байна. Өөрөөр хэлбэл гамшгаас хамгаалах бэлэн байдлыг төлөвлөгөөг хүүхдийн хэрэгцээнд үндэслэн хүүхдэд ээлтэй байдлаар боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс эдгээр шийдвэр гаргагч нарт зориулан сургалтыг хийж байгаа аж. Шийдвэр гаргах түвшний албан хаагч нар сургалтын үеэр “Хүүхдийн эрх, гамшгийн тухай ойлголт”, “Гамшгийн менежмент, гамшиг онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үнэлгээ”, “Гамшгаас хамгаалах болон хүүхэд хамгааллын бэлэн байдлын төлөвлөгөөг хүүхдэд ээлтэй болгох” гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд сургалт авчээ. Ингэснээр шийдвэр гаргах түвшний албан хаагчид гамшиг онцгой байдлын үе дэх хүүхдийн асуудлаар ойлголт мэдлэгтэй болж, гамшиг онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үнэлгээг хийж сурах гамшгийн төлөвлөгөө, төсөвлөлтийг бодитой болгох чадвартай болно хэмээн сургалтыг зохион байгуулагчид мэдээллээ. Тус сургалтыг Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрөөс зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ