Өндөр Гэгээний бүтээлүүдийг виртуал орчинд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-01-23 20:30:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд Хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу музей, Хэнтий аймгийн музей өнөөдрөөс эхлэн “Виртуал үзмэр”-үүдийг олны хүртээл болгож эхэллээ.

Batbayar Nadmid-н зураг.

Соёл, урлагийн газраас МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяртай хамтран технологийн дэвшлийг ашиглах Монгол түүх, өв соёлоо сурталчлан таниулах зорилгоор 2018 оноос “Виртуал үзмэр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн хийц бүхий хосгүй үнэт 8 бүтээлийг 0.5 мм-ийн нарийвчлалтай гурван хэмжээст загварт оруулснаа өнөөдөр албан ёсоор танилцууллаа. Ингэснээр иргэд Өндөр Гэгээний бүтээсэн бурхадын хөрөг болон бусад дүрслэлийг дэргэд нь байгаа мэтээр харахаас гадна бурхадын тухай тайлбарыг сонсох боломжтой. Түүнчлэн тухайн үзмэрүүдийг цахим орчноор дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт хүргэж, олон хүн зэрэг үзэх боломжийг бий болгосноороо онцлог гэдгийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал У.Сарантуяа үзмэрүүдийг нээх үеэр дурдлаа.


Batbayar Nadmid-н зураг.Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, “МУИС-ын доктор А.Энхбаярын санаачилгаар энэхүү төслийг амжилттай хэрэгжүүллээ. Цаашид бүх музейд “Виртуал үзмэр” бий болгох ёстой хэмээн үзэж байгаа. Ингэснээр үзэгчид музейн үзмэрүүдийг үзсэний дараа “Виртуал үзмэр”-ээс тухайн өвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломж бүрдэх юм” гэлээ.

Виртуал технологи гэдэг нь компьютерт хадгалсан зураг, бичлэг зэргийг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тухайн орчинд байгаа мэтээр мэдрүүлдэг технологи юм. Энэхүү технологийг ашиглан Өндөр Гэгээн Занабазарын бүтээсэн бурхадын хөргийг виртуал орчинд шилжүүлснээр иргэд бүтээлийг тал бүрээс нь харах, түүнд хүрэх, залбирах, мөргөх боломжтой юм байна.

Цаашид эзэнт гүрний үеийн Хархорум хот, Сарьдагийн хийд, Төвхөн хийд, Амарбаясгалант хийд зэрэг түүх, соёлын өвийг виртуал орчинд оруулахаар төлөвлөж байгаа аж.

Б.Дэнзэнсамбуу

Холбоотой мэдээ