НӨАТ-ын 20 хувийг ирэх 7 хоногт буцаан олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-23 15:52:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны НӨАТ-ын 20 хувийг ирэх 7 хоногт буцаан олгох бөгөөд энэ жил нийт 808 мянган иргэнд 121 тэрбум төгрөг олгохоор болжээ. Энэ нь 2017 оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлт аж.

Татварын Ерөнхий Газар /ТЕГ/-аас энэ сарын 25-ны дотор НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг нягталж, шалгаад бүх тооцооллоо цэгцэлж Сангийн яаманд хүргүүлэх юм. Энэ талаар ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаа мэдэгдэхдээ, “НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа өнгөрснөөс хойш Татварын ерөнхий газар мэдээлэл, судалгаагаа нэгтгэж баталгаажуулаад нэгдүгээр сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлдэг болсон. Сангийн яам санхүүжилтээ шийдээд Монголбанкинд шилжүүлснээр НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ. Хэрэв бүртгэлийн мэдээлэл нь алдаатай бол иргэдийн дансанд мөнгө нь оролгүй буцаагддаг тул мэдээллээ шалгаж үзэхийг анхааруулж байна” гэлээ.


Энэ дашрамд дурдахад, НӨАТ-ын баримтыг олгохгүй байгаа, мөн тоног төхөөрөмжтэй ч баримтаа санаатай болон санамсаргүй тохиолдлоор өгөхгүй байгаа дэлгүүр, үйлчилгээний газруудын талаар мэдээлж байхыг Татварын байгууллагаас иргэд, худалдан авагчдад сануулжээ. Ийм газруудыг хуулийн дагуу торгууль хүлээлгэнэ гэдгээ мэдэгдэж байна. 

Холбоотой мэдээ