Аваргуудын шагналыг "Малчдын зөвлөлгөөн"-ий үеэр гардуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-22 22:38:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа хийж, аймгийн ХАА-н салбарын шилдгүүд, салбар салбартаа амжилт бүтээл гаргасан хөдөлмөрийн аваргуудыг тодруулж байна.

Энэ жил аймгийн ХХААГ-аас аймгийн хошой аварга малчинд гурав, аварга малчинд 88, аварга саальчинд долоо, аварга тариаланчид гурав зэрэг нэр бүхий 17 хүнийг сум орон нутгаас нэр дэвшүүлэн холбогдох материал тодорхойлолтуудыг ирүүлжээ. Эдгээр материалыг ХХААГ-аас аварга шалгаруулах зохих журамд заасны дагуу оноогоор дүгнэн эрэмбэлж, Засаг даргын зөвлөлд ийнхүү танилцуулж байгаа агаад зөвлөлийн гишүүд өнөөдөр хэлэлцэж батлах аж.

Хурлын үеэр аймгийн ИТХ-аар баталсан аварга малчин шалгаруулах журмыг Галуут, Баацагаан, Бөмбөгөр, Богд зэрэг нэр бүхий сумдын удирдлагууд зөрчсөн байсныг буруушааж, санаатай болон санамсаргүй алдаа дутагдлаас үүдэн малчдын нөр их хөдөлмөр үнэгүйдэж болохгүйг зөвлөлийн гишүүд шүүмжилж байв.

Засаг даргын зөвлөл ийнхүү аварга малчдаа тодруулаад, энэ сарын 23-наас аймгийн удирдлагуудаар ахлуулсан ажлын хэсэг дөрвөн чиглэлд гарч, сум сумдад малчдын зөвлөлгөөн зохион байгуулж, Аварга малчдынхаа шагналыг гардуулах юм байна.

Холбоотой мэдээ