Монгол, Колумбийн Гадаад хэргийн яамд хоорондын Зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-01-22 15:13:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Колумбийн Гадаад хэргийн яамд хоорондын гуравдугаар Зөвлөлдөх уулзалт энэ сарын 21-нд Богота хотноо боллоо.

Зөвлөлдөх уулзалтыг манай улсын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Колумбийн талаас Гадаад хэргийн дэд сайдын Үүрэг гүйцэтгэгч  Франциско Эчэвери нар тэргүүлэн оролцлоо. 

Уулзалтаар талууд хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл хийв. Мөн Монгол, Колумбийн харилцаанд  сүүлийн жилүүдэд гарч буй ахиц ололтыг улам бүр бататган ажиллахын төлөө байгаагаа нотолж,  зөвлөлдөх уулзалт нь хамтын ажиллагааны төлөв байдал, цаашдын чиглэлийг тодорхойлоход голлох механизм болохыг онцлов.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, соёл, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, харилцан айлчлал зохион байгуулах,  энгийн паспорт эзэмшигч иргэдийг харилцан визгүй зорчуулах тухай хэлэлцээр, техникийн хамтын ажиллагааны тухай баримт бичгийг ойрын үед байгуулахаар тохиролцов.

Колумби улс нь жилдээ 6.5 сая орчим жуулчин хүлээн авдаг бөгөөд сүүлийн 10 жилд Колумбийн аялал жуулчлалын салбар 150 хувиар өссөн байна. Визээс харилцан чөлөөлөх хэлэлцээр байгуулснаар манай улсын иргэд Өмнөд Америкийн Аргентин, Бразил, Куба, Уругвай, Чили, Эквадор, Колумби зэрэг оронд визгүй зорчих боломж нээгдэх юм.

Түүнчлэн НҮБ, Зүүн Ази, Латин Америкийн чуулга уулзалт (ФЕАЛАК) болон бусад олон улсын байгууллагын хүрээнд бие биенээ  дэмжиж ирсэн уламжлалаа үргэлжлүүлж, АПЕК-т гишүүнээр элсэхэд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Төрийн нарийн бичгийн дарга Колумбийн ГХЯ-ны харьяа Дипломатын Академид зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

Холбоотой мэдээ