Насан туршийн боловсрол нь бүх насныханд суралцах боломж олгодог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханд Насан туршийн боловсролын 25 нэгжээр дамжуулан
өнгөрсөн жил 2100 иргэнд боловсрол эзэмшүүлжээ. Үүний 60 орчим хувь нь 30-аас
дээш насныхан, 20 гаруй хувь нь 55-60 насныхан байна.
Эдгээр иргэнд өнгөрсөн жил өдрөөр болон оройгоор суралцах боломжийг олгож долоон чиглэлийн сургалт хийжээ. Сургалтад хамрагдсан иргэдэд амьдрах ухааны боловсрол, гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол –экологи, эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун-төлөвшлийн боловсролыг олгожээ. Мөн авьяас чадвар нээх, мэргэжил сонгох, эрүүл мэнд гэхчлэн 15 төрлийн хичээлийг заажээ. Зарим иргэд бичиг үсэг огт мэдэхгүй байгаагаасаа ичих, суралцахаас зайлсхийх зүйлүүд гардаг хэдий ч насны ангиллаар, боловсролын түвшнээр нь ангилан бүлэг болгож хичээллүүлдэг нь иргэдэд суралцах сэдлийг нь өгч урам өгдөг хэмээн насан туршийн боловсролын багш нар яриад энэ жил насан туршийн боловсролын сургалтад илүү олон иргэн хамрагдаасай гэж бодож байгаагаа хэллээ. Мөн ”Сайн эцэг эх“ сургалтад долоон сумын 670 иргэн хамрагдаж үргэлжлүүлэн залуу гэр бүлүүд бүлэг болж ажиллаж, сумынхаа бусад залуу гэр бүлийнхэнд сурсан мэдсэнээ заажээ. Энэ сургалтаар эрүүл зөв амьдрах арга ухаан, гэр бүл төлөвлөлт, хүүхэдтэй ажиллах арга зүй, өөртөө итгэх итгэлтэй болгох, хувийн ухамсар эзэмшүүлэх, хүүхдийн хүмүүжил, сайн эцэг эхийн үүрэг оролцоо, хүүхдээ хэрхэн зөв зан хүмүүжүүлэх, хүүхэдтэйгээ ажиллах арга зүйг эзэмшүүлжээ. Энэ жил энэхүү сургалтыг үргэлжлүүлэн таван сумд хийхээр төлөвлөж буй тухайгаа аймгийн БСУГ-аас мэдээлэв.
Боловсролын төвийг бүрэн тохижуулснаар бие даан суралцах боломж бүрдэв
Завхан аймгийн төв Улиастай
суманд байрлах Залуучууд хөгжлийн төвд 18-35 насны 78 иргэн суралцаж байна. Эдгээр
залуус БСШУС-ны сайдын 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/242
тоот тушаалын дагуу насан туршийн боловсролын хүрээнд эзэмшүүлэх таван чиглэлийн боловсролыг
эзэмшиж байна.
Улиастай сумын насан туршийн
боловсролын төвийг түшиглэн байгуулсан залуучууд хөгжлийн төвийг өнгөрсөн жил
15 орчим сая төгрөгийн техник тоног төхөөрөмжөөр тохижуулжээ. Ингэснээр тус
төвийн сургалтын орчин сайжирч сургалт явуулах боломж бүрджээ. Урьд
нь зөвхөн танхимд багшийн зааснаар л сургалт авдаг байсан бол одоо иж
бүрэн компьютер дээр сургалт явуулж дадлага ажил хийх боломжтой болжээ. Тухайлбал
амьдрах ухааны боловсрол, гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол- экологи,
эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун-төлөвшлийн боловсрол-авьяас
чадвар нээх, мэргэжил сонгох, эрүүл мэнд, гоо зүй-мэдрэмжийн боловсролыг
эзэмшиж буй юм. Өнгөрсөн жил НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Насан
туршийн боловсролын хүрээнд сум бүр амьдрах ухааны танхимыг шинээр байгуулжээ.