Баянхайрхан сумынхан дотоодын үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-22 23:25:26

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Баянхайрхан сум хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум болох зорилго тавьж амжилттай ажиллажээ. Баянхайрхан сумын ард түмний гол аж ахуй нь нүүдлийн мал аж ахуй бөгөөд малаас гарах ашиг шим, сүү цагаан идээ нь сумын эдийн засгийн үндсэн гол үзүүлэлт ажээ.

Тухайлбал сумын эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлж суманд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэдийг дэмжиж ажилласны дүнд өнгөрсөн жил ажилгүйдлийн тоог бууруулаад байгаа тухай сумын ЗДТГ-аас мэдээлэв. Тус сум ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амынхаа суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах, дэмжих, нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх чиглэлээр иргэдээсээ санал авч хамтран ажилласан байна. Тухайлбал үйлчилгээний газар эрхлэх сонирхолтой иргэдийнхээ бизнесийг дэмжиж ажлын байрыг нь олон нийтийн үйлчилгээнд тохирсон зам дагуу байршуулах, сумандаа үйлдвэрлэсэн талх, нарийн боов, гутал, гоёл чимэглэл, урлалын бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, зэрлэг жимс, сонгиноор хийсэн бүтээгдэхүүн, хүнсний ногоог дотооддоо хэрэглэж хэвших уриалгыг гаргаж дэмжсэнээр 60 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчдийн орлого сайжирч эрэлт нэмэгджээ. Мөн сумынхаа брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах, бусад аймаг, сумын үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгч иргэдээ дэмжиж оролцуулах тал дээр илүү анхаарч ажилласан байна. Тус сум нь Дүнгээ уулын арц, сонгино, цагаан идээ, сур суран эдлэл зэрэг бүтээгдэхүүнээр жил бүр зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцдог байна. 

Холбоотой мэдээ