Японы Хүүхдийг ивээх сан Баян-Өлгийд зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-17 16:24:37

      Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт Япон Улсын Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр "Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх төсөл" хэрэгжиж байна.

            Өнгөрсөн 12 дугаар сарын 29-нээс эхэлсэн уг төсөл нь зудын хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалах зорилготой бөгөөд ирэх сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.

            Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх төсөлд тус аймгийн Баяннуур, Булган, Цэнгэл сумдаас нийтдээ 405 айлыг хамруулжээ. Төслийн хүрээнд зудын хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй дээрх малчин өрхүүдэд малын тэжээлийн тусламж үзүүлэх, тэдгээрийн хүүхдүүдэд зайлшгүй хэрэгцээт эд зүйлс худалдан авахад нь зориулж мөнгөн тусламж олгох, зудын нөхцөлд малчдын хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд орхигдохоос сэргийлж хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн гарын авлага тараах, мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулж байгаа аж.

"Өрх бүрт 240 мянган төгрөгийн тусламж үзүүлнэ. Үүний дотор 200 кг малын тэжээл, мөнгөн тусламж багтаж байгаа. Тэжээлийг энэ сарын 21-ний өдөр сумдад байгуулсан түр комисст хүлээлгэж өгнө" гэдгийг албаны хүн хэллээ.

Дашрамд дурдахад, Япон Улсын Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй "Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх төсөл"-д хонин толгойд шилжүүлсэн 200 орчим толгой малтай малчин өрхүүдийг хамруулсан бөгөөд өрхийн орлого, насанд хүрээгүй болон их дээд сургууль, МСҮТ-д суралцаж байга оюутны тоо, өрх толгойлсон малчин өрх эсэх, өрхөд жирэмсэн болон хөхүүл эмэгтэй байгаа эсэх зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна.

Холбоотой мэдээ