Түүхэн гавьяа бүтээлцэж явсан анхны Засаг даргынхаа алдар гавьяаг мөнхжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-14 20:32:13

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 27 жилийн ойг өнөөдөр Сэлэнгэ аймагт тэмдэглэлээ.

Тухайлбал тус аймгийн Хушаат сумынханы хувьд 1992 онд Шинэ Үндсэн хууль батлахад оролцож, түүхэн гавьяа бүтээлцэж явсан Энхтал САА-н дарга, Хушаат сумын анхны Засаг дарга Х.Намсрайжавынхаа алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор түүний нэрэмжит шатрын тэмцээнийг зохион байгуулжээ.  

Сумын Иргэний танхимд явагдсан эл тэмцээний түрүүг шатрын спортын зэрэгтэй тамирчин Т.Гэрэлтуяа авч, шатрын спортын мастер С.Цэдэн-иш удаалжээ. Тэмцээнийг Х.Намсрайжав агсны дүү, аймгийн аварга малчин Д.Алтансүхийн гэр бүл ивээн тэтгэсэн байна. Цаашид Х.Намсрайжав агсны ах дүү, үр хүүхдүүд төрийн байгууллагуудтай хамтран 2020 оноос уг үйл ажиллагааг өргөжүүлж, эрх зүйн сургалт сурталчилгаа, эргэн дурсахуйн мэдээлэл, шатрын тэмцээн бүхий нэг өдрийн нэгдсэн арга хэмжээ болгон гурван төрлийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулна гэлээ.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан бөгөөд эхний гурван хууль  намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байсан байна. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль нь монгол орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрсөн хууль болжээ. Эл Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулийг тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгээр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй аж. Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1.2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлсэн түүхтэй ажээ. Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж, шинээр бүрдэх байнгын ажиллагаатай парламентад даатгаж үлдээсэн гэнэ. Үндсэн хуулийн эдгээр заалтуудын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх гол үүргийг 1992-1996 оны Улсын Их Хурал бүрдүүлжээ.

 

Холбоотой мэдээ