Малын гаралтай бүтээгдэхүүнийг шалгах ажлыг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-08 22:09:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагаан сарын баяр дөхсөнтэй холбогдуулан “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлж байгаагаа Цагдаагийн байгууллагаас өнөөдөр  танилцуулав.

Сар шинийн баяр дөхөх үед малын гаралтай түүхий эдийн хэрэглээ нэмэгдэж, малын хулгайн гэмт хэрэг өсдөг. Үүнтэй холбогдуулан цагдаа нар нийслэл рүү орох автозамын хяналтын цэгт мал, малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг шалгах ажлыг эрчимжүүлжээ.

Эрүүгийн цагдаагийн алба /ЭЦА/-ны Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Г.Бөхчулуун, “Цагдаагийн байгууллага өнгөрсөн онд малын хулгайн 1360 гомдол, мэдээлэл бүртгэснээс 1100-д эрүү үүсгэж, шалгасан. Малын хулгайчид орон нутагт хэрэг үйлдэж, малын гаралтай түүхий эдээ нийслэл, суурин газарт борлуулдаг. Түүнчлэн сар шинэ дөхөх үед бууз, банш, ууц, өвчүүний хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна. Тиймээс эл баярын хүрээнд ЭЦА, Нийслэлийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран улсын чанартай зам, малын гаралтай бүтээгдэхүүн борлуулах цэгүүдэд хяналт шалгалт хийж байна” гэв.

Мөн баярын өмнө томоохон хулалдааны зах, төвүүдэд үйлчлүүлэх иргэдийн тоо өсч, халаасны хулгай, автомашинаас эд зүйлээ алдах гэмт хэрэг нэмэгддэг талаар ЦЕГ-ын УСХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Бүрэнбаатар мэдээлэв.

Тэрбээр, “ААН-үүдийн хяналтын камер, харуул хамгаалалт ажиллаж буйд цагдаагийн байгууллага хяналт тавина. Зарим ААН-ийн хяналтын камер, хамгаалалтын ажилтангүйгээс иргэд эд зүйлээ алдах эрсдэл гардаг. Тиймээс хяналт шалгалтаар дээрх дутагдал илэрсэн байгууллагад хуулийн дагуу мэдэгдэл өгч, үр дүнг тооцно” гэлээ.

Гэрэл зургийг: Н.Батбаяр

Холбоотой мэдээ