Суданы Ерөнхийлөгч эдийн засгийн хямралыг зогсоох амлалт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-01-04 10:22:13

ХАРТОУМ. /Anadolu/. Судан даяар жагсаал цуглаан өрнөж буйтай холбогдуулан эдийн засгийн хямралыг зогсоох амлалтыг тус улсын Ерөнхийлөгч Омар аль-Башир өгсөн байна.


Пүрэв гарагт нийслэл Хартоум хот дахь Худалдааны нэгдсэн холбооны мэдээлснээр, Ерөнхийлөгч аль-Башир эдийн засгийн хямралд АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудыг буруутгасан ажээ.


“Манай улсыг терроризмыг ивээн тэтгэгч улсын жагсаалтад хэвээр үлдээж, “үл бүтэх” улс хэмээн нэрийдэж, хориг тавьж, шийтгэл ногдуулсан. Учир нь бид үр тариа болон гадаад мөнгөн тэмдэгтээр улс орныхоо тусгаар тогтнолыг худалдахаас татгалзсан” гэж Суданы төрийн тэргүүн тэмдэглэсэн байна. “Гэсэн хэдий ч бид энэ бүхнийг урьд нь даван туулж чадсан, өөрсдийн нөөц бололцоогоороо ахиад ч даван туулна” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш Судан даяар Засгийн газрын бодлогыг эсэргүүцэгчид жагсаал цуглаан өрнүүлсэн юм. Жагсаалын үеэр зарим эсэргүүцэгч Ерөнхийлөгчөө огцрохыг уриалж байсан байна. 

Холбоотой мэдээ