Эмийн бүртгэлд бүртгээгүй 107 нэрийн эм борлуулж байсныг илрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-09-17 12:48:30

НМХГ-ын эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчид энэ сарын 7-11-нд 10 Америк барааны ,  5 Энэтхэг барааны 2 Секс дэлгүүр, эм хангамжийн 11 байгууллага, 1 иргэн нийт 29 байгууллагад шалгалт хийжээ.

Шалгалтаар нийт 220 нэрийн 11.830.576 төгрөгийн үнэ бүхий Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хаяг шошгын зөрчилтэй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм бэлдмэлийг улсын байцаагчийн  актаар хураасан байна.

Үүнээс Америк, Энэтхэг барааны дэлгүүрт борлуулж буй 107 нэрийн 8 сая 845 мянган төгрөгийн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, бэлдмэл, “Сүлдэн”, “Ананас” эмийн сангаас 54 нэрийн 1.985.800 төгрөгийн эм илэрчээ. 

“Сүлдэн” эмийн сан 36 нэрийн 642.990 төгрөгийн хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм худалдан борлуулж байсан байна. Сүлдэн, Далайхүү худалдааны төвд байрлах “Мөнхийн тун”, “Ананас” эмийн санд 23 нэрийн 407 ширхэг, 203.350 төгрөгийн эм бэлдмэл худалдан борлуулж байжээ.

Илэрсэн зөрчлийг үндэслэн гурван байгууллагад 18 заалт бүхий албан шаардлага, дөрвөн байгууллагад 1.900.000 төгрөгийн, долоон албан тушаалтанд 1.650.000 төгрөгийн, хоёр иргэнд 300.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулан, гурван байгууллагад 730.000 төгрөгийн нөхөн төлбөр тооцон ажиллажээ.

НМХГ-аас “Ананас” эмийн сан,  Интимэйт Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах, Энэтхэг болон Америк барааны дэлгүүрүүдэд байнгын хяналт хийж байхаар төлөвлөөд байгаа аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд