Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-д ирүүлсэн Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг үндэслэн уг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Тодруулбал Ерөнхийлөгч уг албан бичигтээ, "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэр гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан боловч бодит үр дүн, ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл байдал хэвээрээ, хор уршиг, хохирол нь улам нэмэгдэж, дордсоор байгаа бөгөөд үүнийг утаа, гамшгаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээд, тэдгээрийг дэмжин өөгшүүлдэг төрийн байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбон дүгнэж болохоор байна. Иймээс Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг болон 8.2.1 дэх заалтыг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үүнд төсөвлөсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргаж байна" гэжээ.
Харин УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн хүсэлттэй танилцаад энэ сарын 14-ний өдөр хүргүүлсэн хариу бичигтээ, "УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол явуулахыг дэмжиж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсгол хийх тов тогтоох болон зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа уламжилсан байна.
Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд Ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулахаар заасны дагуу маргааш хуралдах УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах асуудлыг хэлэлцэж, Ерөнхий хяналтын сонсгол явуулах тов, сонсгол даргалагчийг сонгох, ажиглагчаар оролцох хүний тоо, сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөжээ.
Энэ удаагийн Ерөнхий хяналтын сонсгол нь 2015 онд Нийтийн сонсголын тухай хууль батлагдсанаас хойш анх удаа хуулийн дагуу зохион байгуулагдана хэмээн албаныхан онцолж байна. Тодруулбал хуулиар УИХ-аас зохион байгуулах нийтийн сонсголыг тухайн асуудлыг эрхэлсэн Байнгын хороо хариуцан зохион байгуулахаар заажээ.