Мандал сум хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг эцэг эхийн дэмжлэгтэй явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын хувьд эцэг эхийн идэвхитэй оролцоо, тусламж дэмжлэгтэйгээр хүүхдийн хөгжилд чиглэсэн сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг үе шаттай, эргэх холбоотойгоор зохион байгуулах гэнэ. Энэ ч утгаар "Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо" сэдэвт зөвлөгөөнийг сумандаа анх удаа зохион байгууллаа.
Зөвлөлгөөндөө Мандал сумын нийт ЕБС-иуд, СӨБ-ын багш нар, эцэг эхчүүдийн төлөөлөл болсон 300 гаруй хүнийг хамруулжээ. Тус арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, нийгмийн бодлого хариуцсан дарга Б.Нарантуяа оролцсон байна. Зөвлөлгөөний үеэр эцэг эхчүүдэд чиглэсэн сургалт мэдээллийг мэргэжлийн байгууллагууд хүргэхийн зэрэгцээ хүүхдийн оролцооны клубын сурагчид эцэг эхчүүдэд зөвлөмж, уриалга хүргэжээ. Зөвлөлгөөнөөр “хүүхэд дүүргэх ёстой сав биш дүрэлзэх ёстой бамбар юм” хэмээн үзэж өсөх насанд нь хүүхдийг зөв чиглүүлж, оюун ухаанд нь эерэг зөв хандлага төлөвшүүлж хүмүүжүүлэх нь хамгаас чухал юм гэдгийг онцолжээ.