Миссисипид Клинтон, Мичиганд Сандерс ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-09 15:51:11

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон мягмар гарагт тус улсын өмнөд нутагт оршдог Миссисипи муж улсад болсон Ардчилсан намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд ялсан байна. Харин Вермонт муж улсаас сонгогдсон сенатч Берни Сандерс “Америкийн автомашины нийслэл хот” болох Детройт оршдог Мичиганд ялсан нь түүний хувьд гэнэтийн ялалт болжээ.

Саналын хуудсын 100 хувийг тоолсон байдлаар, Миссисипи муж улсад Клинтон Ардчилсан намын сонгогчдын 83 хувийнх нь дэмжлэгийг авсан бол түүний өрсөлдөгч ердөө 16 хувийн санал авсан байна. Энэ ялалт нь Хилларид зун болох намын их хуралд оролцох 36 төлөөлөгчийн 29-ийнх нь дэмжлэгийг авах боломж олгоно. Намын их хурлаар 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас албан ёсоор нэр дэвшигчийг тодруулах юм.

Гэхдээ Сандерс Мичиган муж улсад намын их хуралд оролцох 130 төлөөлөгчийн талаас илүү хувийнх нь саналыг Клинтоноос авч чадсан бөгөөд үүний ачаар тэрбээр Цагаан ордны төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлэх боломжтой болжээ. Сенатч Мичиганд намын идэвхтнүүдийн 50 хувийнх нь саналыг авсан бол Төрийн нарийн бичгийн дарга асныг 48 хувь нь дэмжсэн байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ