Д.Баяндүүрэн: Бичиг баримтаа хуурамчаар бүртгүүлсэн нь илэрвэл нэр дэвшигчийн жагсаалтаас хасна
МОНГОЛЫН МЭДЭЭСонгуулийн бэлтгэл ажил болон бусад асуудлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнгээс тодрууллаа.
-Сонгуулийн бэлтгэл ажил ямар түвшинд явж байна вэ?
-Одоогийн байдлаар СЕХ-ны хувьд заавар журам, үнэмлэх, маягтын загвар дээр ажиллаж байна. Мөн Сонгуулийг товлон зарлах тухай тогтоолын төслийг боловсруулж УИХ-д хүргэх гэж байна. Сонгуулийг товлон зарлана гэдэг нь сонгуулийн кампанит ажлыг эхлүүлэх хугацааг тодорхойлно гэсэн үг. Үүний дараа сонгуулийн байгууллага байгуулагдах, нам, эвсэл, нэр дэвшигчдийг бүртгэх ажил дарааллын дагуу явна.
-Нам, эвслүүдийг бүртгэх хугацаа хэдийгээр байх вэ?
-Сонгууль товлон зарласны дараа тодорхой болно. Санал авах өдрөөс 70 хоногийн өмнө аймаг нийслэлийн сонгуулийн хороог, дараа нь сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулна гэх мэтээр сонгуулийн байгууллагуудаа өмнө нь байгуулна. Үүний дараа нам, эвслийг эхэлж бүртгээд, дараа нь нэр дэвшигчийг бүртгэнэ. Өмнө нь тойрогт нэр дэвшигчийг тойргийн хороо бүртгэдэг байсан бол энэ удаагийн сонгуулиар бүх нэр дэвшигчийг СЕХ-нд бүртгэхээр хуульд өөрчлөлт орсон. СЕХ-ноос гаргасан хувиараар бол 5 дугаар сарын эхээр нам эвсэл, нэр дэшигчдийг бүртгэх ажлыг эхлүүлнэ.
-Нэр дэвшигчийг бүртгэхэд анхаарах зүйлс юу байх вэ? Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тохиолдлууд байх уу?
-Нам, эвсэл, нэр дэвшигчдэд анхааруулж хэлэхэд сонгуулийн үйл ажиллагаанд оролцохдоо маш хариуцлагатай хандах, бичиг баримтаа үнэн зөв бүрдүүлэх шаадлагатай байна. Нэр дэвшигчид намтар түүхээ бичихдээ гадаадын курс дамжаанд сурж ирчихээд тийм ийм сургууль төгссөн гээд биччихдэг. Ер нь бол курс төгссөн гэдгээ бичих шаардлагатай. Мөн тодорхой хугацаанд ял шийтгэл хүлээж байсан хүмүүс хэдэн онд ял шийтгүүлсэн, хэдэн онд ялтайд тооцох хугацаа дууссан гэдгээ тодорхой бичих шаардлагатай. Хэрэв бичиг баримт хуурамчаар бүртгүүлсэн нь илэрвэл СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана. Нэгэнт бүртгэгдсэн бол нэр дэвшигчээс нь хасах хүртэл арга хэмжээ авна. Мөн үүнээс гадна санал авах өдрийг дуустал хуулиар хориглосон заалтуудыг их анхаарах хэрэгтэй. Үүнд сонгуулийн сурталчилгаанд хориглох зүйлс, хандив өгөх, авахыг хориглох хүмүүс зэрэг хэд хэдэн чухал заалт бий. Тиймээс нам, эвсэл, нэр дэвшигчид Сонгуулийн хуулиа сайн судлах, хуулийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын зөвлөгөө, туслалцааг авах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
-Хэрэв бичиг баримтаа хуурамч бүртгүүлсэн нь УИХ-ын гишүүн болсон хойно нь илэрвэл яах вэ?
-Нэр дэвшигчдийн хувьд ямар ч тохиолдолд бичиг баримтаа үнэн зөв бүрдүүлэх үүрэгтэй. Яагаад гэвэл тэр нэр дэвшигчийн эргэн тойронд өөр нэр дэвшигчид, өрсөлдөгчид зөндөө байгаа. Бие биендээ хяналт тавьдаг гэж ойлгож байгаа. Тэгэхээр хэрэв бичиг баримтаа хуурамч бүрдүүлсэн бол түүнийг нь илрүүлээд гаргаад ирэх нөхцөл байгаа гэдгийг ухамсарлах л ёстой.
-Сонгогчийн хувьд анхаарах зүйлс бий юу?
-Сонгогчдын хувьд мөн хуулиар үүрэг хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл сонгогч заавал нэрийн жагсаалттайгаа танилцаж шалгах ёстой. Хэрэв ороогүй, мэдээлэл дутуу байвал үүнийг засч залруулахаар хүсэлт гаргах юм. Сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.mn цахим хуудаст байршуулсан учраас өөрсдийн мэдээллийг шалгах боломжтой болсон байгаа. Иргэний шинэчилсэн бүртгэл явуулснаас хойш сонгогчдын бүртгэлийн ажил ер нь ихээхэн цэгцэрсэн. Өмнө нь нэрсийн жагсаалттай холбоотой маргаан их гардаг байсан бол одоо сонгогчдын нэр давхцах гэх тийм асуудал гарахгүй. Яагаад гэвэл сонгогч хурууны хээгээрээ бүртгүүлэх учир биологийн дахин давтагдахгүй энэ өгөгдөл давхцаж, зөрөхгүй.
-Нам, эвсэл, нэр дэвшигчид зардлын тайлангаа хугацаандаа ирүүлээгүй, эсвэл хэтрүүлсэн тохиолдолд ямар хариуцлага ногдуулдаг юм бэ? 2012 оны сонгуулийн хувьд үүнтэй холбоотой маргаан гарсан уу?
-2012 оны сонгуульд оролцсон Хөгжлийн хөтөлбөр нам, Эх орончдын нэгдсэн нам, Гуравдагч хүчин эвсэл болон бие даан нэр дэвшсэн 15 хүн хуулийн хугацаанд тайлангаа ирүүлээгүй. Иргэний хөдөлгөөний нам, Гуравдагч хүчин эвсэл нь тайлангаа нийтэд зарласнаас хойш ирүүлсэн. Эдгээр хүмүүст хуулийн байгууллагаас торгуулийн арга хэмжээ авах ёстой. Гэхдээ одоогийн байдлаар ийм тийм арга хэмжээ авсан гэх мэдээлэл СЕХ-д ирүүлээгүй байгаа.
СЕХ-ны хувьд хоёр намыг тайлангаа ирүүлээгүй гэдэг үндэслэлээр дараагийн сонгуульд бүртгэхээс татгалзсан. Гэвч энэ шийдвэр Үндсэн хуулийн цэц дээр очоод унасан.
-УИХ-ын нэр бүхий гишүүн нийслэлийн мандатыг нэмэх талаар ярьж байгаа. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд одоо өөрчлөлт оруулах боломжтой юу? Энэ нь сонгуулийн бэлтгэл ажилд нөлөөлөх үү?
-Өмнө нь Сонгуулийн хууль тогтоомжид сонгууль болохоос зургаан сарын дотор өөрчлөлт оруулахыг хориглодог байсан. Харин шинээр баталсан Сонгуулийн тухай хуулиар энэ заалтыг байхгүй болгосон. Гэхдээ хэрэв мандатын тоо өөрчлөгдөх юм бол саналын хуудас л өөрчлөгдөнө. Жишээ нь гурван мандаттай тойрог байж байгаад дөрвөн мандаттай болговол саналын хуудас дээр 4 хүний нэр бичнэ. Харин СЕХ-ны зохион байгуулалтын шинж чанартай холбоотой өөрчлөлт орох юм бол бэлтгэл ажилд нөлөөлж л таарна.
-Саналын хуудасны загвар, хэмжээг тогтоосон уу?
-Өмнөх УИХ-ын сонгуульд 13 нам оролцож байсан. Харин энэ удаад Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 24 намын жагсаалт гараад байна. Нам эвслийг бүртгэх хугацаа болоогүй учраас эдгээрээс хэд нь сонгуульд оролцох нь тодорхойгүй байгаа. Гэхдээ саналын хуудасны хэмжээ өмнөх сонгуулийн загвараас том байна. Намын тоо нэмэгдсэнтэй зэрэгцээд жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудаст бичих болсонтой холбоотой. Саналын хуудасны загвар, тоог СЕХ-ын хурлаар шийддэг ч хугацаа нь болоогүй байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ