“Nike” компани Шараповатай хамтран ажиллахаа түр зогсоов

Дэлхийд | Спорт
jargal@montsame.mn
2016-03-09 13:22:25

БИВЕРТОН. /АР/. Спортын гутал, хувцас үйлдвэрлэгч дэлхийн алдартай компани болох “Nike” Оросын теннисчин Мария Шараповатай байгуулсан гэрээний хэрэгжих хугацааг түр зогсоосон тухай телевизийн Си-Эн-Би-Си компани мэдээлжээ.

“Мария Шараповагийн тухай мэдээлэлд бид их гайхаж бас харамсч байна. Тиймээс шалгалтын явцад Мариятай хамтын ажиллагаагаа түр зогсоохоор шийдлээ” гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.

Нэгдүгээр сард Австралид Их дуулга тэмцээнд оролцох үеэрээ допингийн шинжилгээ өгөөгүй гэдгээ Шарапова даваа гарагт мэдэгджээ.

Гэр бүлийнх нь эмчийн бичиж өгсөн мильдронат эмийг сүүлийн 10 жил хэрэглэснээ Шарапова Америкийн Лос-Анжелес хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Энэ эмийг дөнгөж саяхнаас буюу нэгдүгээр сарын 1-нээс хориглосон бөгөөд Шарапова энэ тухай мэдээгүй байжээ.

“Nike” компани нь Оросын теннисчний гол ивээн тэтгэгчдийн нэг юм. “Forbes” сэтгүүлийн тооцоолсноор, спортын уг брэндтэй хамтран ажилласнаар Шарапова жилд 30 хүртэл сая долларын орлого олдог байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ