Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл өмнөх оноос өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-12 18:55:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 11 сарын байдлын статистик мэдээллийг танилцуулснаас эдийн засгийн мэдээллийг тоймлон хүргэж байна.

Мөнгөний нийлүүлэлт энэ оны 11-р сарын эцэст 18.6 их наяд төгрөг болжээ. Үүнийг өмнөх сартай харьцуулвал 321.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 974.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 70.1 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 80.2 тэрбум төгрөгөөр өссөнийг статистик тоонд дурджээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8 хувийг эзэлж байгаа нь өмнөх сараас 0.5 пунктээр, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр тус тус буурсан байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны 11-р сарын эцэст хоёр их наяд төгрөг болж, өмнөх сараас 106.6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 911.0 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 12.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 3.8 пунктээр өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Монгол Улс 2018 оны эхний арваннэгэн сард 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.9 тэрбум ам доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум ам.доллар, импорт 5.4 тэрбум ам. долларт хүрчээ. Харин өнгөрсөн 11-р сард экспорт 535.9 сая ам.долларт, импорт 495.9 сая ам. долларт хүрч, өмнөх сараас экспорт 126.1 сая ам. доллараар, импорт 28.6 сая ам. доллараар тус тус буурчээ. Агаарын тээврийн салбарын орлого 2018 оны эхний арваннэгдүгээр сард 395.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 37.9 тэрбум төгрөгөөр өсчээ.

 

Холбоотой мэдээ