200 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай номын ордон ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-11-28 22:39:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн хүүхэд, багачууд орчин үеийн стандартын шаардлага хангасан тохилог номын ордонтой боллоо.

“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд орон нутгийн төсвөөр олон жил ашиглагдаагүй хуучны барилгыг шинэчилж, 200 хүүхдийн хүчин чадалтай номын өргөөг байгуулаад байна. Хүүхдийн хөгжилд тустай уг ажлыг дэмжиж УИХ-ын гишүүн С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас 50 сая төгрөгийг шийдэж өгчээ.

“Хүүхдийн номын ордон”-ны нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд болон холбогдох албан тушаалтнууд, хүүхэд багачууд, эцэг, эхийн төлөөлөл оролцов. 

Энэ үеэр яруу найрагч Ц.Батгэрэлийн “Бяцхан зоргол ба Энхүүлээ хүү” номын нээлт боллоо. Энэхүү номыг зорилтот жилийн хүрээнд аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр хэвлэн хүүхэд, багачуудын хүртээл болгож байгаа юм. 

Өвөрхангай аймгийн хүүхэд, багачууд номын ордонтой болсноор оюундаа хөрөнгө оруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэж байна.


Холбоотой мэдээ