Монголбанкны Хяналтын зөвлөл зээлийн мэдээллийн санг боловсронгуй болгохыг зөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-27 18:28:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурлаар тус банкны санхүүгийн байдлыг сайжруулах талаар хүчин чармайлт гаргах хэрэгтэйг онцолж  дотоод аудитын газарт албан бичиг хүргүүлэхээр болов.

Монголбанкны Дотоод аудитын газрын 2018 оны эхний 3 улирлын үйл ажиллагааны талаар газрын захирал Д.Аюуш, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын 2018 оны 10 дугаар сарын 30-ны байдлаарх үйл ажиллагааны тухай тус газрын захирал А.Энхжин нарын мэдээлэлтэй холбогдуулан Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу, гишүүн Л.Ариунаа, Л.Дондог нарын гаргасан санал, дүгнэлтийг авч хэлэлцэж зохих шийдвэр гаргажээ. Тодруулбал Монголбанкны дотоод аудитын газраас хийсэн аудит, хяналт шалгалтын ажилд дүн шинжилгээ хийж, мөрөөр нь ажиллах, техник, мэдээллийн технологийн чадамжийг дээшлүүлэх талаар дэмжлэг үзүүлэхийг Монголбанкны удирдлагад зөвлөхөөр шийдвэрлэжээ. Эдийн засаг, санхүүгийн аливаа хүндрэлийг гэтлэн давах гол дархлаа бол гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх явдал гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрөх болсныг сайшааж, мөнгө, зээл, сангийн бодлого, хэрэгслийг улс орныхоо төлбөрийн чадавхийг дээшлүүлэхэд чиглүүлэх ёстой гэдэгт Хяналтын зөвлөлийн гишүүд санал нэгджээ. Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах талаар зохиож буй судалгаа, түүний талаарх мэдээллийг Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нар хийсэн. Мэдээлэлтэй холбогдуулан цаашид зээлийн нэгдсэн бодлоготой болох, зээлийн мэдээллийн санг боловсронгуй болгох, зээлдэгч нартай ажиллах механизм боловсруулах, хөндлөнгийн байгууллагуудтай Монголбанк хамтран Банк бус санхүүгийн байгууллага, Ломбардын зээлийн хэмжээг судалж, улсын хэмжээнд хүүний хэт их ялгаатай олон шатлалыг ойртуулах чиглэлээр ажиллахыг зөвлөв.

Холбоотой мэдээ