Х.Клинтонд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг Д.Трамп хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-21 13:11:35

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны хавар Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Холбооны мөрдөх товчооны захирал асан Жеймс Коми нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг Хууль зүйн яаманд үүрэг болгох боломжийг авч хэлэлцжээ. Энэ тухай “The New York Times” сонин мэдээлэв.


Ийм бодолтой байгаагаа Д.Трамп Цагаан ордны хуулийн зөвлөх асан Дональд Макганд мэдэгдсэн байна. Д.Макган хариуд нь ерөнхийлөгчид ийм бүрэн эрх мэдэл байхгүй гэж хэлжээ.


“Дээр дурдагдсан этгээдүүд хууль зөрчсөн байж магадгүй тохиолдолд Д.Трамп мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хүсэх боломжтой хэдий ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тухай шийдвэрийг Хууль зүйн яам гаргана. Ерөнхийлөгч Д.Трамп мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг хүссэн бол эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт түүнийг буруутгаж болох байсан бөгөөд энэ нь ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх асуудлыг хэлэлцэхэд хүргэх аюултай байсан” гэж хуулийн зөвлөх хэлсэн байна.


The New York Times” сонины мэдээлснээр, Хууль зүйн яам Х.Клинтон, Ж.Коми нарыг ямар хэргээр буруутгах ёстой байсан нь тодорхойгүй байжээ.  

Холбоотой мэдээ