Г.Занданшатар: Төгрөгийн ханшийг хүлээгдэж байснаас бага түвшинд барьж чадсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Валютын ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г. Занданшатар танилцуулав.
Тэрээр хэлэхдээ, “Гуравдугаар
улирлын үзүүлэлтээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай байна.
Ажилгүйдлийн түвшин 6.9 хувьд хүрч буурсан. Инфляцийн зорилтот түвшин
хадгалагдаж Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан. Ийнхүү эдийн засгийн орчин
сайжирсан нь гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлж, валютын нөөц
нэмэгдэх, ханш тогтворжих нөхцлийг бүрдүүлж байна. Эдийн засгийн гадаад орчны
тодорхой бус байдал нэмэгдснийг та бүхэн мэдэж байгаа. Томоохон дүнтэй Засгийн
газрын бондын эргэн төлөлт давхцаж, төгрөгийн ханш огцом сулрахаар байсан хэдий
ч Засгийн газар, Монголбанк макро эдийн засгийн бодлогыг харилцан уялдаатай
хэрэгжүүлсний үр дүнд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн сулралыг хүлээгдэж
байснаас бага түвшинд барьж чадсан. Төгрөг ам.долларын эсрэг 2018 эхний 10
сарын байдлаар 5,5 хувиар суларсан бол юанийн эсрэг 6,8 хувиар, рублийн эсрэг
14.4 хувиар тус тус чангарсан үзүүлэлт байна. Энэ нь АНУ-ын Холбооны нөөцийн
сангийн бодлогын хүүгийн өсөлт, худалдааны дайны нөлөөгөөр хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгт
суларч байсантай харьцуулахад хамгийн бага хэмжээнд байгаа юм. Дэлхийн эдийн
засагт гарч буй өөрчлөлтийн нөлөөгөөр ам.долларын эсрэг бусад орнуудын мөнгөн тэмдэгтүүд
мөн адил суларлаа. Тухайлбал юань 6.8 хувиар, вон 6.7 хувиар, рупи 15.6 хувиар
суларсан үзүүлэлттэй байна”хэмээн онцлов.
Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат горимын санал гаргасан юм. Тэрээр хэлэхдээ, “Валютын ханшийн өсөлт нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал
яах аргагүй мөн. Ерөнхий сайдад бид асуулга тавьсан шүү. Өнөөдрийн асуудлыг хэлэлцэхэд, Ерөнхий сайд,
Сангийн сайд, Монголбанкны удирдлагууд зайлшгүй байх ёстой. Хэлэлцсэн дүр эсгэж
болохгүй. УИХ бол дээд шатны байгуулага. Сонссон дүр эсгэж буйд ард түмэн дургүй байна. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах горимын санал гаргаж байна” гэв.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г. Занданшатар: “Монголбанкны
Ерөнхийлөгч гадагшаа ажлаар явсан өнөө орой ирнэ. Сангийн яамны удирдлагууд
болон Монголбанкны дэд Ерөнхийлөгч ОУВС-гийн 6 дахь шатны үнэлгээ хийх ажлын
хэсгийнхэнтэй уулзалт хийж байгаа шалтгаанаар ирээгүй. Монголбанкыг төлөөлж
газрын дарга нар нь мэдээлэл өгөхөөр ирсэн байгаа” гэв.
Ингээд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар өнөөдрийн чуулганы хуралдаан
өндөрлөв.