41 мегаваттын сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-02 20:23:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк  Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг хөгжүүлэхэд хамтрахаар боллоо.

Тодруулбал татварын зохицуулалт, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг мэдээлэл, харилцааны технологи ашиглан сайжруулах зорилго бүхий нийт  85.6 сая ам.долларын санхүүжилттэй хоёр зээл, хоёр буцалтгүй тусламжийн гэрээг байгуулав.

Дээрх гэрээнд  Монгол Улсыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкыг төлөөлөн  Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа. 

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлэхдээ, "Талуудын хамтын ажиллагааны хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах, төрийн санхүүгийн ашиглалт, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ажиллаж буй Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ. Баруун бүсийн аймгуудад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэн агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжинэ. Энэ хүрээнд алслагдмал амьдарч байгаа 260 мянган иргэнийг найдвартай эрчим хүчээр хангах юм. Тодруулбал 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг хөгжүүлнэ.  Түүнчлэн “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал” төслийн хүрээнд  татварын удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын  үйл ажиллагааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах бөгөөд төсвийн санхүүгийн удирдлагыг ил тод болгоно” гэлээ.  Дээрх төслийг  25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх юм байна.


Холбоотой мэдээ