Нийслэлийн гал түймрийн дийлэнх буюу 25 хувь нь Баянзүрх дүүрэгт гарчээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-01 15:10:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор ОБЕГ-аас НОБГ, Баянзүрх дүүргийн ЗДТГ-тай хамтран тус дүүргийн гал түймрийн гаралт ихтэй гурван хороонд “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ” өдөрлөгийг зохион байгуулахаар дүүргийн ЗДТГ-ын талбайд нээлтээ хийв.


Тус өдөрлөгийн хүрээнд алба хаагчид Баянзүрх дүүргийн 8,9,12 дугаар хорооны айл өрхүүдээр орж, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх,  галын аюулгүй байдлын стандарт дүрмийг таниулан сурталчлах, хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулах юм байна.



НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, “Ахуйн гаралтай гал түймрийн ослын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан ч нас барсан хүний тоо өссөн статистик үзүүлэлт гарсан.  Иргэд цахилгааны утсыг эрсдэлтэй байрлуулах, үнс нурмаа ил задгай асгах, пийшин зуухны галлагаа буруугаас,   шатамхай бодис хаяснаас үүдэлтэй гал түймэр гарч байна. Ихэвчлэн шөнийн цагаар гал түймэр гардаг нь  хүний амь эрсдэх аюулыг дагуулдаг. Засгийн газрын тогтоолоор өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифыг “тэглэх” болсонтой холбогдуулан иргэд нүүрс, түлээгээ хэмнэх зорилгоор цахилгаан халаалтын төхөөрөмж хэрэглэх нь ихсэх тул цахилгаан төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, ахуйн галын эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг өгч байна. Алба хаагчид  гурван хэсэгт хуваагдан айл өрхүүдээр явахдаа гал түймрийн эрсдлийн хяналт шалгалт явуулж, урьдчилан сэргийлэх долоон төрлийн арга замын талаар зөвлөгөө өгч, ухуулга сурталчилгааны дүрс бичлэг толилуулна. Мөн “Анхаар” гар утасны аппликейшнээр дамжуулан иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байгаа гэв.



ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа, Ц.Нямбаяр, “Нийслэлийн хэмжээнд Гал түймрийн 25 хувь нь Баянзүрх дүүрэгт гарсан. Тэр дундаа өдөрлөгт хамарч буй 8, 9, 12 дугаар хороо нь энэ оны эхний 10 сарын байдлаар 30 гаруй обектийн түймэр гарсан.


Эдгээр хороодын айл өрх бүрт галын аюулгүй байдлыг хангаагүй зөрчлийг нь шалгаж илрүүлээд өнгөрөх биш,  түүнээс гарч болзошгүй эрсдлийг таниулан сурталчилж зөрчлийг газар дээр нь арилгах юм.


Өдөрлөгийн хүрээнд ОБЕГ-ын хүрээний Гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг офицер бүрэлдэхүүний 112 алба хаагч ажиллаж байна гэв.


Нээлтийн үеэр Онцгой байдлын алба хаагчид өндөр барилгад гарсан обектийн түймрийг унтраах, эрсдэлтэй байгаа иргэдийг авран хамгаалах, техник хангамжийн ашиглалтын үзүүлэх сургалт явуулав.



Тоо баримтаас харахад гал түймрийн шалтгааны дийлэнх буюу 29 хувийг ил задгай унс нурам асгаснаас, 22 хувийг пийшин зуухны гэмтлээс, 15 хувийг цахилгаан ашиглалтын буруугаас шалтгаалж буйг онцолжээ.


Гал түймрийн аюулаас ард иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээлэл олгох, илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой тус өдөрлөг маргааш өндөрлөнө.


Гэрэл зургийг: Т.Чимгээ

Холбоотой мэдээ