Манай сэтгүүлч Азийн наадмаас номтой иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2018-10-31 16:19:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс Азийн спортын наадамд 1974 оны Тегераны тоглолтоос эхлэн оролцож, уг наадмаас Д.Цэрэнтогтох, Х.Баянмөнх нар чөлөөт бөхийн 90,100 кг-ын жинд тус бүр алтан медаль хүртэж анхны гарааг эхлүүлж байсан талаар МОНЦАМЭ агентлагийн спортын сэтгүүлч Д.Өлзийсайханы гаргасан “Индонезийн тэнгэрт Монголынхоо далбааг мандуулсан тамирчид” гэсэн номд өгүүлсэн нь өдгөө түүх болон үлджээ.


Сэтгүүлч Д.Өлзийсайхан өнөөдөр номынхоо нээлтийг МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд хийлээ. Номын нээлтэд МОНЦАМЭ агентлагийн гадаад мэдээний ерөнхий редактор Л.Батбаяр, дотоод мэдээний ерөнхий редактор Н.Лхагвасүрэн болон агентлагийн сэтгүүлчид, орчуулагчид бусад хэвлэлийн спортын сэтгүүлчид оролцлоо. 

Сэтгүүлч Д.Өлзийсайхан, “Манай улс Азийн наадамд 11 дэх удаагаа оролцохдоо өмнөх 10 наадамд үзүүлсэн амжилтуудаа ахиулж дээд хэмжээнд тогтоосон. Энэ онд Индонез улсад болсон “Жакарта-Палембан-2018”-ны Азийн зуны XVIII дахь наадамд гэхэд манай улс спортын 30 төрөлд 269 тамирчинтай оролцож, 4 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 24 медаль хүртсэн амжилт гаргасан” хэмээн  хэлсэн юм. 


Тэрээр Жакарта-гийн Азийн тоглолтыг 18 хоногийн турш эх орондоо хамгийн түрүүнд, шуурхай мэдээлж байсан юм. Тивийнхээ спортын наадмыг хойч үе, хүүхэд залуус, спорт сонирхогч олон түмэнд түүх болгон үлдээж буй түүний номонд Азийн зуны спортын 18 удаагийн наадмыг зохион байгуулсан улс, хотуудын жагсаалт, манай улсын оролцож ирсэн түүх, тамирчдын маань үзүүлсэн амжилтуудыг спортын төрлөөр нь бүр цаг, минутаар нь өгүүлсэн нь үнэхээр үнэт мэдээлэл, сэтгүүлчийн хөдөлмөр шингэснийг харуулна.

20 гаруй жил спортын сэтгүүлчээр ажиллаж буй МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Д.Өлзийсайхан ийнхүү Азийн спортын наадмын түүхийг бүхэлд нь ном болгон бичив.


Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ