Нийслэлийн анхны шав тавьсан газар "Мэлхийт хөшөө"-нд хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-29 17:19:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот байгуулагдсаны түүхт 379 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд анхны шав тавьсан газар “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ.

Уламжлал ёсоор хөшөөнд хүндэтгэл үзүүлэхийн сацуу Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэв.



Ёслолын үеэр НЗД, Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ, “Энэ өдөр бол нийслэлчүүдийн баярын өдөр. Бид ирэх онд нийслэл хотынхоо 380 жилийн тэгш ойг тэмдэглэнэ. Энэ ойг хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтах ёстой. Ойд зориулсан олон бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа. Бидний тавьж буй зорилт бол Улаанбаатар хот хүн амьдрахад хамгийн таатай орчинтой байх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлж байна. Энэ хотыг бий болгоход хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо чухал. Бид бүхэн сайхан хотод, аз жаргалтай амьдрах учиртай. Тиймээс нийслэлийн удирдлагууд, төр захиргааны байгууллагууд нийслэлийнхээ иргэдтэй хамт сайхан хотыг бүтээн байгуулахын төлөө, сайхан бүхний төлөө зүтгэнэ” гэв.



НИТХ-ын дарга С.Амарсайхан хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр хэлсэн үгэндээ, “Нийслэл хотын ойн энэ өдөр нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлж, Монголын нууц товчоог залж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ. Монгол Улсын хөгжлийн нүүр царай болсон Улаанбаатар хотыг хөгжүүлэх их үйл хэрэгт нийслэлчүүдийн идэвх оролцоо юу юунаас чухал юм” гэв.


Одоогоос 379 жилийн тэртээ өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр нийслэл хотын үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

Холбоотой мэдээ