Нэг цэнэглэлтээр долоо хоног ажиллах эко зуух бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-27 12:21:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Х.Аманбол  "Эко жалын" нэртэй байгаль орчинд ээлтэй ухаалаг зуух бүтээжээ.

Тэрээр өөрөө цахилгаанчин  мэргэжилтэй бөгөөд зуухны үйл ажиллагааг зохицуулах автомат удирдлагын системийг ч өөрийн гараар хийсэн аж. Мөн зуухны усан цамц зэрэг бусад эд ангиудыг ч гар аргаар гагнаж хийдэг байна.  Тухайн зуухыг санаачлан бүтээхэд хоёр жил орчим хугацаа зарцуулжээ.

Байгаль орчныг бохирдуулдаггүй, автомат ажиллагаатай уг зуух нь нунтаг нүүрс ашигладаг  бөгөөд нэг цэнэглээд хүний оролцоогүйгээр долоо хоног ажиллах юм байна. Түүнчлэн эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй, ердийн зуухнаас 50 хувь, цахилгаан халаалтаас 4-5 дахин, төвийн халаалтаас хоёр дахин бага зардал гарах гэнэ.

 "Манай аймагт нунтаг нүүрсний үнэ хямд байдаг. Тийм учраас ард иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэглэхэд хялбар, хямд өртөгтэй зуух хийхээр шийдсэн. Ердийн зуухны нүүрсний шатаалтын ашигтай процесс 60 орчим хувь байдаг бол манай зуух 90 хувийн шаталт хийдэг" хэмээн тэрээр хэлж байна.  

Нэг зуухыг 15-20 хоногийн дотор хийж бэлэн болгодог ба орон нутагт эрэлт нэмэгдэж, хүмүүс урьдчилан захиалга өгдөг болжээ.  

 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ