Хорт бодисыг бүртгэх нэгдсэн системтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-24 15:27:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран энэ сарын 15-26-ны өдөр бохирдуулах бодис ялгаруулж буй эх үүсвэрүүдтэй танилцан хаягдлын тооллого хийх аргачлалыг туршиж байна.

Энэхүү ажлын хүрээнд “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийн систем”-ийг бий болгохын ач холбогдлын талаар НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн зөвлөх ААН-үүдэд  сургалт семинар зохион байгууллаа.

Семинарыг БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган нээж хэлэхдээ,"Бидний хувьд “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийн систем”-ийг бий болгох эхний алхамыг хийсэн гэж ойлгож болно.Европын орнууд, Азийн орнуудаас БНХАУ, Япон зэрэг улс эл системийг нэвтрүүлээд явж буй сайн туршлага бий. Манай төслийн баг дээр дурдсан сайн туршлагуудыг судалж, бохирдуулах бодис ялгаруулж буй эх үүсвэрүүдтэй танилцан хаягдлын тооллого хийх аргачлалыг туршиж байна. Олон улсад түгээмэл бохирдуулагч бодист хүлэмжийн хий, хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцор, ус бохирдуулагч бодисууд буюу нийт 100 орчим бодисыг тооцож, тэдгээрийг ялгаруулсан тохиолдолд мэдээлэх үүргийг ААН-үүд  хүлээдэг. Аж ахуйн нэгжүүд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж,  сөрөг нөлөөллийг арилгах чиглэлээр арга хэмжээг хэрэгжүүлдэг. Тэгэхээр хаягдлын тооллого хийх аргачлалыг өөрийн үйлдвэр дээр турших нь үүргээ биелүүлж буйгаас гадна үндэсний систем бий болоход бэлэн байдлаа хангах давуу тал юм" гэв.

НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн зөвлөх Андреа Караро "Жил бүр тухайн улсад буюу орчинд ялгарч буй хорт бодисыг бүртгэх зорилготой нэгдсэн системийг бий болгох ажлын эхлэлийг тавьлаа. Системийн мэдээллийг гаргахдаа  газрын зураг дээр зураглал байдлаар хийнэ.Мөн бохирдуулагч эх үүсвэрийн төрлөөр буюу агаар, хөрс, ус гэх мэтээр ангилан харуулах юм. Ингэснээр олон нийт  бохирдлын талаар мэдээлэл авах боломж бүрдэнэ. Түүнчлэн тухайн үйлдвэрүүд ялгаруулж буй бохирдлоо хэрхэн бууруулах болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх санал санаачилга гаргаж ажиллах хөшүүргийг бий  болно гэж харж байна" хэмээв.

“Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийн систем”-г бий болгох туршилтын төслийн хүрээнд Төв цэвэрлэх байгууламж, ДЦС-4, MCS Кока Кола ХХК, АПУ ХК, Монос ХХК зэрэг аж ахуйн нэгжээс мэдээлэл цуглуулах ажил үргэлжилж байгаа ажээ. Туршилтын төслийн хүрээнд цуглуулсан мэдээллээ ашиглан цаашид олон улсын хандивлагч байгууллагуудад хандан үндэсний хэмжээний систем бий болгох төсөлд санхүүжилт татах  юм байна.

О.Мөнхжаргал

Холбоотой мэдээ