“Эх орончдын өдөр"-т зориулсан баярын хурал болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР“Эх орончдын өдөр”-т зориулсан МАН, МАХН-ын хамтарсан баярын хурал СТӨ-нд болж байна.
Монголд улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, "Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй удирдлагууд, хоёр намын гишүүд, дэмжигчид, иргэдийн төлөөлөл их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн. Үүний дараа хоёр намын хамтарсан Баярын хурал эхэлж, намын удирдлагууд болон тус намуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд, намын үүрийн гишүүд оролцож байгаа юм.
Баярын хурлыг нээж МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол Ардын Нам 1921 оны З дугаар сарын 1-нд байгуулагдаж, эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олох их тэмцлийг оройлон манлайлсан. Тиймээс МАН-ын түүх бол Монголын 20-р зууны хөгжил дэвшлийн түүх юм. ХХ зуунд улс орноо орчин цагийн соёл иргэншил өөд түүчээлэн хүргэсэн” гээд МАН-аас цаашид авч хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөөг танилцуулсан юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр мөн үг хэлэхдээ “МАХН, МАН ард түмнийхээ төлөө байгуулагдсан гэдгээ санаж байх хэрэгтэй. Гэхдээ одоо хоёр нам нэгдэх цаг байхгүй болсон. Харин сонгуульд хамтарч орох боломж нээлттэй байна” гэж байв.
Баярын хурлын үеэр Монголд улс төрийн нам байгуулагдахад голлон хүчин зүтгэсэн “Хувьсгалт долоо” буюу Данзан, Бодоо, Лосол, Чойбалсан, Сүхбаатар, Дэнзэн, Догсом нарын үйл хэргийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Баярын хурал үргэлжилж байна.
Н.Гантуяа