Канье Уэст пүрэв гарагт Д.Трамптай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-12 09:44:09

ВАШИНГТОН. /ТАСС/. Рэпер, дуучин Канье Уэст АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай өнгөрсөн пүрэв гарагт Цагаан ордонд уулзжээ. Уулзалтыг телевизийн “MSNBC” суваг шууд дамжуулан үзүүлсэн байна.


Д.Трампын дэмжигч алдарт рэпер Канье Уэст энэ уулзалтад ирэхдээ Д.Трампын “Америкийг дахин агуу болгоё” уриа үгтэй улаан саравчтай малгайг өмссөн байжээ. Энэ уриа үг сонгуулийн кампанит ажил өрнөх үеэс л түүний анхаарлыг татаж эхэлсэн гэж дуучин залуу сэтгүүлчдэд ярьжээ. “Энэ малгайг өмсхөөр л Супермэн болчихсон мэт санагддаг. Энэ малгайнд их учир бий” хэмээн Канье Уэст хэлсэн байна.


Энэхүү уулзалтад мөн Д.Трампын охин Иванка Трамп болон төрийн тэргүүний ахлах зөвлөх Жаред Кушнер нар хүрэлцэн ирсэн байна. Жаред Кушнер нь Д.Трампын хүргэн билээ. Дуучин залуу Америкийн төрийн тэргүүүнтэй аж үйлдвэрлэлийг сэргээх явц, шоронгийн шинэчлэлийн асуудал хийгээд гэмт хэргийн бүлэглэл, хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэлэлцжээ. Уулзалтын үеэр К.Уэст Д.Трампт хандан “Би энэ залууд хайртай түүнийг тэврэхийг минь зөвшөөрөөч” гэж хэлэх үед Д.Трамп дуучин залуутай гар барилцсан байна.


Уэст бол АНУ-ын алдарт рэп дуучдын нэг юм. Тэрбээр Грэммийн шагналыг 21 удаа хүртэж байсан нэгэн бөгөөд энэ шагналынхаа тоогоор дээд амжилт тогтоож байсан хүмүүсийн нэгд зүй ёсоор багтдаг аж. 

Холбоотой мэдээ