Ц.Цогзолмаа: Боловсролын системийн мэдээлэл шилэн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-09 13:05:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд цахим системд бүрэн шилжих талаар өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

“Боловсролын салбарын мэдээллийн систем” төслийг 2014 оноос АХБ  болон БСШУСЯ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хугацаанд суурь бүртгэл, статистик тайлан мэдээ солилцох системийн үүрэг голлон гүйцэтгэдэг байсан бол энэ хичээлийн жилээс ЕБС, цэцэрлэг, багш, сурагч, эцэг эх рүү чиглэсэн систем болон өргөжиж байна. Энэхүү системийг ашиглаж эхэлснээр багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаастай зууралддаг хуучин арга барилыг халах юм. Мөн багш бүр БСШУС-ын сайдад санал хүсэлтээ шууд хүргүүлэх бололцоотой болж байна. Эцэг эхчүүдийн хувьд интернэт ашиглан хүүхдийнхээ сурлага, ирцийн мэдээлэл гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авдаг болсноор хүүхдийн хүмүүжил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо илүү бодитой болж байна. Харин салбарын бодлого боловсруулагчдын хувьд тооцоо судалгаан дээр үндэслэж боловсролын салбарын дүн шинжилгээ хийж, бодлого боловсруулж төлөвлөлт хийх юм. Өөрөөр хэлбэл хаана, хэдэн сургуульд хичнээн хүүхэд сурч байна, ямар хичээлийн багш илүүдэлтэй эсвэл дутагдалтай байгааг цахим датагаа харж тооцоод төлөвлөлтөө хийх зэрэг олон давуу талтай юм. Google play store-оос ESIS аппликэйшнийг татаж суулгаснаар эцэг эхчүүд энэхүү үйлчилгээг хүлэээн авах боломжтой болно. Өнөөгийн байдлаар төслийн баг Агуулгын удирдлагын дэд систем, Боловсролын удирдлагын дэд систем, Статистикийн удирдлагын дэд систем, Хүний нөөцийн удидлагын дэд систем, Санхүүгийн удирдлагын дэд систем, Цахим контентын системийг хөгжүүлж, нэвтрүүлээд байгаа аж.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ярихдаа, “Боловсролын системийн статистик бол маш өргөн агуулгатай. Дөрвөн жилийн турш мэдээлэл технологийн мэргэжилтнүүд 9 дүүрэг, 21 аймгийн бүх сумын боловсролын салбарын статистик мэдээллийг цуглуулсан. Миний хувьд эдгээр мэдээллийг багцалж боловсруулах нь зүйтэй гэсэн албан даалгавар өгсний үр дүнд өнөөдөр энэхүү системийг танилцуулж байна. Боловсролын системийн чанар хүртээмжийг сайжруулъя гэвэл багшийг дэмжих, суралцагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хөрш орнууд цаасан журнал хөтлөхөө больсон. Дэлхий нийт өнөөдөр дижитал боловсролын удирдлага, системд шилжиж байна. Цаасаа хэмнэх, багшийн ажлыг хөнгөвчлөх үүднээс энэ системийг хөгжүүлээд явбал ирэх хичээлийн жил эхлэхэд цахим журнал хөтлөх бэлтгэлээ хангаж байна. Боловсролын статистик мэдээллийг өнөөдөр олон нийт хэн нэгэн мэргэжилтэн, дарга, сайдыг хайлгүйгээр энэхүү системээс авах боломж нээгдэж байна. Боловсролын салбарын хөрөнгө оруулалт, барилга байгууламж, улсын шалгалт, ЭЕШ, сургалтын тэтгэлэг, тендерийн асуудал зэрг бүх мэдээллийг энэхүү системээс харах боломжтой. Тиймээс боловсролын системийн мэдээлэл шилэн болно. Боловсролын мэдээллийн систем багш, сурагч, эцэг эхчүүд, хэрэглэгчдэд ямар ач холбогдолтой вэ гэдгийг харуулсан энэхүү систем бол багш нартаа барьсан том бэлэг, ажил гэж үзэж байна. Азийн хөгжлийн банкны чамгүй санхүүжилтээр эдгээр мэдээлэл цуглуулсан. Тиймээс энэ системийг цаашид хөгжүүлээд явах нь бидний гол зорилго юм” гэв.

Төслийг нэвтрүүлэх, системийг ашиглах талаар 2017 оны 10 дугаар сараас эцэг эх, сургууль, цэцэрлэг, багшийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор эцэг эх, багшийн дэд системүүдийг хөгжүүлж, 2018-2019 оны хичээлийн жилд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа бол 2019-2020 оны хичээлийн жилд орон даяар боловсролын удирдлага, бүртгэл, менежментийн цахим системд шилжих аж.

 

Холбоотой мэдээ