Улаанбаатар хотын иргэдийн 33 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цаашид хот төлөвлөлтийг хоосон цаасан дээр хийсвэр төсөөлж эзэнгүй орхих биш, харин нухацтай тооцож, хатуу хянаж хэрэгжүүлэх асуудал анхаарлын төвд байх ёстой хэмээн "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан онцлов.
Тэрбээр, “Бид нийтийн тээвэрт илүү дэвшилтэт технологийн
ажлуудыг эхлүүлсэн ч үйлчилгээний чанар, хүртээмж болон аюулгүй байдал
хангагдахгүй байна. Өөрөөр хэлбэл тооцоо судалгаа харалгүй сэтгэлийн хөөрлөөр
гаргасан шийдвэрүүд иргэдийг хохироож, төсвийн хөрөнгийг үнэгүй зарцуулж
нийтээрээ шаварт унасан байдалтай байна. Тиймээс НИТХ-аас энэ хэлэлцүүлгийг
зохион байгуулж, санал солилцон асуудлыг шийдье гэж зорилоо. Цаашдаа бид хот
төлөвлөлтийг хоосон цаасан дээр хийсвэр төсөөлж эзэнгүй орхих биш, харин нухацтай тооцож, хатуу хянаж хэрэгжүүлэх
асуудал анхаарлын төвд байх ёстой.Тийм ч учраас НИТХ-ын дэргэд хот байгуулалт
судалгааны институтыг байгуулж ажиллах нь зүйтэй” гэлээ.
Энэхүү хэлэлцүүлгийг замын хөдөлгөөний ачааллыг бууруулж,
нийтийн тээврийн үйлчилгээ, стандарт, хүртээмжийг сайжруулж, хот төлөвлөлтийн
гажуудлыг засах зорилгоор хийсэн юм. Хэлэлцүүлэгт нийслэл, дүүргүүдийн удирдлагууд иргэд оролцож санал бодлоо солилцов.
Монгол Улсын нийт 958.560 автомашины 536.171 нь Улаанбаатар хотод байна.
Энэ үеэр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын зөвлөх С. Энхтөрөөс замын түгжрэлийг бууруулахад юу хийх шаардлагатайг тодрууллаа.
Тэрбээр, “Бид бүтээн байгуулалт хийхээсээ өмнө богино хугацаанд шуурхай хийх ажлуудыг төлөвлөх шаардлагатай. Замын түгжрэлийг бууруулахад хийвэл зохих шуурхай ажил бол нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах явдал юм. Нийтийн тээвэр аюулгүй, хүртээмжтэй байж чадвал иргэд машинаа орхин нийтийн тээврийг сонгоно. 50 хүн нийтийн тээвэрт суух, 50 машин зам дээр түгжирч зогсох асар ялгаатай. Ингэхийн тулд хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай. Мөн хороолол доторх хөдөлгөөнийг нэг чиг болгож өөрчлөх хэрэгтэй. Учир нь хоёр урсгалтай нарийн замаар машин багтахгүй түгжрэл үүсгэдэг” хэмээв.
Харин Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Халиунбат
хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлдээ, “Өнөөдөр нийслэлийн урсгал төсвийн гуравны
нэг нь нийтийн тээврийн зардал болтлоо өссөн. Нийтийн тээврийн зардал энэ хэвээр өссөөр
нийт 130 тэрбумд хүрвэл энэ нь
Улаанбаатар хотын иргэдийг нийтийн тээврээр үнэгүй явуулж болох хэмжээний
зардал юм. Иймд бид энэ тогтолцооноосоо салахгүй бол нийтийн тээврийн төсөв биднийг
хүнд байдалд оруулна. Манай өнөөдрийн нийтийн тээврийн тогтолцоо нь үр ашиггүй
зохион байгуулалтын системтэй. Тогтолцоо нь буруу байгаа учраас ачаалал нь
нийслэлийн төсөв дээр ирдэг. Тиймээс бид нийтийн тээврийнхээ одоогийн нөхцөл
байдлыг зоригтойгоор дүгнэн үзэж, өөрчлөх шаардлагатай ” гэв.
Улаанбаатар хотын нийт иргэдийн 69 хувь нь автомашинаар зорчиж үлдсэн 33 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг аж.
Г.Өлзийхутаг