Визний материал хуурамчаар үйлдвэл яллагдагчаар татна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunzaya@montsame.mn
2018-10-05 18:03:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Элчин сайдын яамнаас Цагдаагийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлжээ. Тус яамнаас Монгол Улсын иргэд БНСУ-ын виз хүсэхдээ төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, дансны хуулга зэрэг мэдээллийг хуурамчаар үйлдэж байна. Энэ нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй материал бүрдүүлж байгаа учраас шалгах хүсэлтийг тавьснаа уламжилсан байна.


Хүсэлтийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх ашиглах гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.


 БНСУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлсэн 805 иргэний материалын 50 хувийг нь шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдлээ. Шалгалтын үр дүнд 7 аж ахуйн нэгж, 11 иргэн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Үүний дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг харъяа прокурорын газарт гаргасан байна. БНСУ-ын визийг мэдүүлэх төлөөлөн гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй 10 байгууллага байдаг. Эдгээр байгууллагаар дамжуулан, тухайн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу визний материалыг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

О.Мөнхжаргал

Холбоотой мэдээ