Сэлэнгэ аймгийн бүх сумд ногоон паспорт аянд нэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-04 16:02:37

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сум, зургаан тосгодод “Ногоон паспорт” аян үргэлжлэн явагдах учраас тус аянд нэгдэж хамтарч ажиллах сургууль, эко клубуудыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт мэдэгдлээ өгөхийг уриалав.

Байгаль хамгаалах үйлсэд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй уламжлалт ёс заншлаа дээдэлсэн зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Ногоон паспорт” аяныг зохион байгуулж байгаа аж.

Аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн БОАЖГ, Боловсрол, соёл урлагийн газар хамтран Сүхбаатар сумын ерөнхий боловсролын долоон сургуулийн V-VI ангийн 200 гаруй эко клубын сурагчдыг оролцуулсан арга хэмжээг зохион байгууллаа. Сургалтаар “Ногоон паспорт” аяны хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний танилцуулга хийж,  хүүхдүүдэд ногоон паспорт тараав.

Мөн ерөнхий боловсролын сургуулиудад хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг байрлуулж, хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгосон байна. Аяны хүрээнд байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшил суулгах, өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, эко клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжин ажиллах зэрэг үйл ажиллагаа явагдана. Цаашлаа ногоон паспорт аян аймгийн хэмжээнд өрнөх юм.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ