Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээлийг нийтлэхээс өмнө хуульчаар хянуулахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-03 16:22:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “Investigative Journalism Dialogue” олон улсын хурлаар сэтгүүлчид сошиал медиа болон вэб ашиглах, эрэн сурвалжлага хийхэд аюулгүй байдлыг хангах арга, нээлттэй мэдээллийн сан /Дата/-г хэрхэн үүсгэх вэ гэдэгт төвлөрлөө. 


Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын хамтын ажиллагааны хүрээнд Дойче Велле Академи, МҮОНРТ, Канадын элчин сайдын яамнаас зохион байгуулж буй тус хурал Новотел зочид буудлын хурлын танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд гадаад, дотоодын сэтгүүлч, судлаачид  шинэ арга барил, туршлагаасаа хуваалцаж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх талаар санал солилцлоо.




Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах, "Энэ удаагийн хурлаар сэтгүүл зүйн дэлхийн чиг хандлага буюу орчин үеийн технологийг хэрхэн ашиглах, дата сэтгүүл зүйн онцлог, цахим аргаар мэдээлэл хайх, нягтлах, нээлттэй мэдээллийг ашиглан асуудлыг тодорхой гаргаж, дүрс, график, хүснэгтээр илэрхийлэх арга зүйн боломжийн талаар хэлэлцүүлэг өрнөлөө. Мөн үеэр гадны төлөөлөгчид Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйд дээрх зүйлийг тусган хөгжүүлэх бүрэн боломж байгааг онцолсон. Хамгийн гол нь сэтгүүлч нээлттэй байгаа мэдээллийг ашиглахдаа хууль эрх зүйн орчинд нийцүүлэн ашиглах ур чадвараа дээшлүүлэх шаардлагатай. Манай хүрээлэн эрэн сурвалжлах сэтгүүлчдэд дата сэтгүүл зүйн сургалт явуулах нөөц боломжийг бүрдүүлж, 2017 онд 18, энэ жил 17 сэтгүүлчийг хамруулсан. Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд  сэтгүүлчдээ дата сэтгүүл зүйн сургалтад хамруулан дэлхий нийтийн чиг хандлагыг нэвтрүүлэх нь зүйтэй” гэв.


Дата сэтгүүл зүй гэдэг нь тухайлбал тоон мэдээлэлд анализ хийгээд үүнийгээ уншигчдад ойлгомжтой байдлаар дүрс, график, хүснэгт ашиглаж асуудлыг гаргаж ирдэг бичлэгийн төрөл зүйл юм.


Дээрх хурлын үеэр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөрөнгө босгож ажилладаг "atlatszo.hu" сайтын удирдах зөвлөлийн гишүүн Атилла Монг  эрэн сурвалжлахаар бичиж буй сэтгүүлчид мэдээллээ нийтлэхдээ мэргэжлийн хуульчаар хянуулдаг байхыг зөвлөв.


Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүн Сайд Назакат, ХонгКонгийн их сургуулийн профессор Ийн Чан, “Нээлттэй нийгэм" сангийн төлөөлөл Мариа Тереза Рондероз, Киргиз улсын Дата сэтгүүлч Савиа Хазанова, АНУ-ын Дата шинжээч Роберт Ритц, Малайзийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийг үүсгэн байгуулагч Стивэн Гэн, Дойче Велле Академит Монгол дахь хөтөлбөрийн менежер Патрик Бенинг, Дойче Веллегийн судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Жохен Шпангенберг зэрэг төлөөлөгчид оролцсон.


Уламжлал ёсоор хоёр дахь удаагаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн “ЦАХИУР” 2018” уралдааны шагналын эздийг хурлын төгсгөлд буюу 18 цагаас тодруулах юм.

Холбоотой мэдээ