Г.Цагаанбаяр:Шүүгчид жилд 40 хувь илүү ачаалалтай ажилладаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-01 18:09:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн гишүүн О.Зандраа, судлаач, хуульч Г.Цагаанбаяр нар тус зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын үеэр "Шүүгчийн ажлын ачааллыг тодорхойлох судалгаа”-ны тайланг танилцуулж, шүүгчийн ажлын ачаалал их байна гэв.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д зааснаар шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын ачааллыг судалж, холбогдох арга хэмжээ авах, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь ШЕЗ-ийн бүрэн эрх юм гэдгийг тус зөвлөлийн гишүүн О.Зандраа мэдээллийн эхэнд тодотгов.

Тэрээр, "Хот болон хөдөө орон нутагт ажиллаж буй шүүгчийн ажлын ачаалал тэнцвэртэй биш, ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай. Тиймээс ШЕЗ шүүгчийг томилолтоор ажиллууллаа. Судалгааны явцад шүүгчийн ажлын ачаалалтай холбоотой нарийн тоон мэдээллүүд гарсан. Судалгааны дүнг ажил хэрэг болгож ажиллана. Шүүгчийн орон тоо дутуу байгаа нь шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Жишээ нь баруун аймгуудад давж заалдах шатны шүүх хуралдаан хийхэд бүрэлдэхүүн хүрдэггүй. Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн шүүгч нар томилолтоор ажиллаж байгаа” гэв.

"Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн” ТББ-ын хуульч, судлаач Г.Цагаанбаяр, "Нийслэлийн 6 дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэг шүүгчид 310 хэргийг шийдвэрлэхэд 323 өдөр зарцуулж байгаа нь ачаалал харьцангуй ихтэйг харуулж байна. Шүүгч жилд 230 өдөр ажиллана гэж үзвэл 93 өдрөөр ажлын ачаалал илүү байгаа бөгөөд үүнийг ажлын өдөр болон амралтын өдөр ажиллаж нөхдөг. Илүү ажиллаж буй 93 өдөр нь ажлын 744 цаг болж буй бөгөөд шүүгч жилд 1840 цаг ажиллах ёстой гэж үзвэл 40 хувиар илүү ачаалалтай ажиллаж байна” гэлээ.

ШЕЗ-ийн захиалгаар "Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв” нийслэлийн 6 дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын эрүү, иргэний анхан шатны шүүхүүдэд шүүгчийн ажлын ачааллыг тооцох уг судалгааг анх удаа хийжээ.

"Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгааны тайлан”-г танилцуулсны дараа "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн үйл ажиллагааны талаар ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Б.Билгүүн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэргийн хөдөлгөөний удирдлагын төвөөс шүүхэд хянан шийдвэрлэж байгаа хэргийн явц, аль шүүхэд хэн гэдэг шүүгчид хуваарилагдсан талаарх мэдээллийг авах боломжтойг танилцуулсан юм.

Холбоотой мэдээ