Цагдаагийн алба хаагчид хүний эрхийн талаар мэдлэгээ зузаатгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-01 11:30:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс /МУХЭҮК/-ын гишүүн П.Оюунчимэг цагдаагийн байгууллагын албан хэрэгцээнд зориулан “Жендэр ба Хүний эрх” зурагт хуудас, хүний эрхийн ном, гарын авлагын багцыг ЦЕГ-ын дэд дарга бөгөөд НЦГ-ын дарга Д.Ядамдорж, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа нарт гардуулан өгөв.


Энэ үеэр МУХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг,”Энэ жил НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож байгаа. Бид энэ ойн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр, Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй “Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх” 3 дахь үр дүнгийн ажлаар хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэж эхэллээ.Цагдаагийн байгууллагаас 50 гаруй алба хаагчийг бэлтгэж, сертификат олгосон. Мөн энэхүү ажлын хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлал, зарчим, үндэсний хууль тогтоомжийг сурталчилсан зурагт хуудас болон “Жендэр ба Хүний эрх”, “Ажлын байрны бэлгийн дарамт” ном, гарын авлага, “Хүний эрхийн олон улсын билл” эмхэтгэл зэргийг хэвлүүлснээ та бүхний албан хэрэгцээнд зориулан хүлээлгэн өглөө” гэв.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн хандлагыг төлөвшүүлэх, цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор МУХЭҮК, ЦЕГ хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ