Ажлын туршлагагүй залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үзэсгэлэн яармаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-26 17:12:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо”, “Монголын Сонсголгүй иргэдийн нэгдсэн холбоо” ТББ-уудтай хамтран есдүгээр сарын 28-нд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд “Хөдөлмөрч залуучууд” үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Хөдөлмөрийн тухай хуулинд, …25, түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангахаар төрийн болон ТББ-уудыг уриалахад хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн зорилго оршиж байгаа”-г мэдэгдлээ. Энэ утгаар үзэсгэлэн яармагийг төрийн болон ТББ-уудын түншлэл дээр тулгуурлан зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудаас ажлын туршлагагүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлзүйн болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгөх юм байна.


Тэрээр, хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг нь ажлын туршлагагүй болон хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийслэлийн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангаж байгаагаар онцлог. Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд бүртгэлтэй 2300 гаруй ажлын байранд ажил хайж байгаа ажлын туршлагагүй залуучуудыг холбож өгөхөөс гадна салбартаа тэргүүлэгч 20 ААН, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрыг нээлттэй зарлана гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ