Баян-Өлгийн 10 орчим мянган иргэн үнэт цаасны данс нээлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-19 17:13:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Таванбогд ҮЦХ" брокер, диллерийн компаниас өгсөн мэдээллээр тус аймгийн 10 гаруй мянган иргэн хувьцааны арилжааны данс шинээр нээлгэсэн байна. Мөн 23 мянган иргэн 1992-1995 онд Засгийн газраас олгосон хөрөнгө оруулалтын эрхийн бичиг  буюу "цэнхэр, ягаан тасалбар" эзэмшдэг ажээ.


Дээрх иргэдийн хувьд үнэт цаасны арилжаанд оролцох, эзэмшдэг хувьцаанаасаа дансаараа дамжуулан ногдол ашиг хүртэх боломжтой. Жишээлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 116 тоот тогтоолоор тухайн оны дөрөвдүгээр сарын 11-ний  болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлсэн билээ.


"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Б.Ганхуяг ирэх онд 1072 хувьцаанаас иргэн бүрт ногдол ашиг хуваарилахаа өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн. Гэхдээ ногдол ашиг хүртэхийн тулд хувьцаа эзэмшдэг иргэд брокерын компанид хандан хувьцааны арилжааны данс нээлгэх шаардлагатай юм. 


Баян-Өлгий аймагт одоогоор брокерын ганцхан компани үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн ТУЗ-ийн дарга К.Бахытжаны тайлбарласнаар иргэд Өлгий хотод байрлах компанийн офисст иргэний үнэмлэх /хүүхэд бол төрсний гэрчилгээ/, үйлчилгээний хураамж болох 5000 төгрөг авчирч данс нээлгэх боломжтой аж.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ