Чөлөөт бөхийн дэлхийн залуучуудын АШТ өнөөдөр эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын ДАШТ Словак улсын Трвана хотноо өнөөдөр чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрлөөр эхэлж 50, 55, 59, 68, 76 кг жинд хүч үзэх сугалаа болсон байна.
Манай улсаас маргааш 4 тамирчин барилдана. Тэд сугалаагаар эмэгтэйчүүдийн 50 кг-д Н.Анударь тэгшигтгэлд Тунисийн Сарра Хамдитай учраа таарчээ. Түүнийг ялбал 1/8 шигшээд Казахстаны Марина Закшевская, Польшийн Магдалена Мажосын ялсантай нь барилдах бол 55 кг-д Б.Халиунаа 1/8 шигшээд БНСУ-ын Пак Юн Йонтой хүч үзнэ. Түүнийг ялбал шөвгийн 8-д Казахстаны Айгерим Ибрашева, Туркийн Нурифе Думан нарын ялсантай нь учраа таарах юм.
Харин 68 кг-д Э.Даваанасан эхний тойрогт гоц мөргөж, 1/4 шигшээд Казахстаны Валерия Гончарова, БНХАУ-ын Ван Ян хоёрын аль ялсантай барилдана. Мөн 76 кг-д Г.Ариунжаргал 1/8 шигшээд Туркийн Айсегул Озбегетэй таарчээ. Тэр өрсөлдөгчөө ялсан тохиодолд шөвгийн 8-д БНХАУ-ын Хуан Юанюан, Украины Анна Тисличенко нарын халз барилданаас ялсан бөхтэй хүч сорих юм.
Д.Өлзий