100 болон 200 еврогийн мөнгөн дэвсгэртүүдийн шинэчилсэн загварыг танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-18 13:47:33

БЕРЛИН./ТАСС/. Европын Төв банк өчигдөр 100 евро болон 200 еврогийн шинэчлэгдсэн мөнгөн дэвсгэртүүдийг танилцуулсан байна. Дууриалгаж хийхээс сэргийлж сайжруулсан хамгаалалттайгаар хэвлэсэн мөнгөн тэмдэгтүүдийг танилцуулах арга хэмжээ Майн дахь Франктурт хотод болж, түүнд Европын Төв банкны Удирдах зөвлөлийн гишүүн Ив Мерш оролцжээ.


Шинэчлэгдсэн 5, 10, 20 болон 50 еврогийн дэвсгэртүүдийг өмнө нь гүйлгээнд гаргасан бол 100 болон 200 еврогийн дэвсгэртүүдийг ирэх оны 5 дугаар сарын 28-наас гүйлгээнд оруулах ажээ. Энэ хугацаанд банкууд болон худалдааны төвүүд автомат машин, программ хангамжаа шинэ дэвсгэртүүдийг хүлээн авахад бэлтгэх аж. Учир нь, 2013 онд Европын автомат машинууд шинэ 5-тын дэвсгэртийг хүлээж авахгүй байсан тохиолдлууд гарсан байна. ЕТБ-ны мэдээлснээр, 500 еврогийн дэвсгэртүүдийг цаашид хэвлэхгүй аж.


Шинэ мөнгөн дэвсгэртүүдэд нэмэлт хамгаалалтын элементүүд оруулсан учир тэдгээрийг дууриалган хийх боломж өмнөхөөс эрс багасчээ. Мөнгөн дэвсгэртийг гэрэлтүүлж харах үед Европын эртний домгийн баатар эмэгтэйн хөрөг зураг гарч ирнэ. Янз бүрийн өнцгөөр харах үед 100, 200 гэсэн тоонуудын өнгө өөрчлөгдөх аж. Мөнгөн дэвсгэртүүдийн хэмжээ бага зэрэг өөрчлөгдөж, харин өнгө нь урьдынх шиг хэвээр байна. 100 еврогийн дэвсгэрт ногоондуу өнгөтэй бол 200 еврогийнх шар хүрэн өнгөтэй ажээ. 

Холбоотой мэдээ