Аавынхаа гэгээн дурсгалд зориулж Гомбо сахиусыг залжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 15:15:25

Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдэд алтан Гомбо сахиусыг заллаа.

Энэхүү сахиусыг Эрдэнэмандал хийдийг үүсгэн байгуулагчдын нэг өөрөөр хэлбэл Сүхбаатар аймагт бурханы шашинг 57 жилийн дараа дахин сэргээх их ажилд гар бие оролцсон, орон нутагт бурхан шашин хөгжих зам мөрийг тавьж өнөө цагийн өндөрлөгт хүргэсэн, номын их ачит багш Эрдэнэмандал хийдийн тэргүүн дархан хамба Даваажав гуайн гэгээн дурсгалд зориулан түүний үр хүүхэд, төрөл төрөгсөд нь хамтран бүтээж ийнхүү залсан юм. Ингэж “Гомбо бурханыг бүтээж хийдэд залах нь аавын минь чин хүсэл байсан, аав болон өвөг дээдсийнхээ захиасыг биелүүлсэндээ баяртай байна” хэмээн Д.Даваажав агсаны хүү Д.Сугардорж хэлж байлаа.

Гомбо сахиус нь Эрдэнэмандал хийдийн гол сахиус хэдий ч ийм том хэмжээгээр нь залаагүй байжээ. Энэхүү сахиус нь 1м 20 см-ийн өндөртэй алтадсан  сахиус юм. Гомбо бурхан нь Жанрайсаг бурханы догшин дүр бөгөөд аливаа саад тотгорыг арилгагч бурхан юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ