БСШУЯ иргэн Э.Цэрэнгийн мэдээллийн дагуу мэдэгдэл гаргав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2016-02-18 15:06:25

Иргэн Э.Цэрэндолгор нь БСШУЯ-ны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Б.Насанбаяртай холбоотой өргөдлөө холбогдох байгууллагуудад өгсөн. Мөн тэрбээр цахим хуудсаар дамжуулан тарааж буй мэдээллийн дагуу БСШУЯ-наас мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд БСШУЯ, 2012 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа Эрдэм боловсролтой Монгол хүн, Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр, сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын салбарт үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа чанарын шинэчлэл нь аль нэг шашны нөлөөгүйн дээр тусгаар улсын бүх нийтийн боловсролын бодлогод шашны үзэл баримтлалыг тусгаж, түүгээр дамжуулан түгээн дэлгэрүүлэх ямар ч боломжгүй гэдгийг нийт интернэт хэрэглэгчиддээ сануулж байна.

Ойрын өдрүүдэд иргэн Э.Цэрэн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд хандаж БСШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргын тухай болон БСШУЯ, түүний харьяа байгууллагууд, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ЕБС, их, дээд сургууль, коллежийн хамтран хэрэгжүүлж байгаа чанарын шинэчлэлийн бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлыг Мүүний шашин, шашны гаж урсгал гэх зүйлтэй шууд холбон тайлбарлаж, олон нийтийн санаа бодлыг зориудаар төөрөгдүүлж байна.

Иймд интернэт хэрэглэгч иргэд, ялангуяа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэн Э.Цэрэнгийн цахим орчинд удаа дараа нийтэлж буй дээрх мэдээллүүдийн үнэн худлыг нягталж, судлан, сэтгүүлчийн болон, сэтгүүлзүйн ёс зүйн дүрэм, холбогдох хуулийг чандлан сахиж, соён гэгээрүүлэх үндсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхийг хүсье хэмээн дурджээ.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ