Умард Солонгос пуужин харвасныг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-08 09:04:56

НҮБ. /RIA Novosti/.  Умард Солонгос тогтоолыг нь дахин зөрчиж, баллистик пуужин харвасныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ буруушаасан байна. Энэ тухай НҮБ-ын дэргэд суугаа Венесуэл улсын байнгын төлөөлөгч Рафаэль Рамирес мэдэгджээ.

Умард Солонгос баллистик пуужин харвасантай холбоотойгоор НҮБ-ын АЗ ням гарагт яаралтай хуралдсан байна.

“Аливаа пуужинг харвахад түүгээр ч барахгүй хиймэл дагуул эсвэл сансрын хөлөг хөөргөхөд баллистик технологи ашиглах нь” цөмийн зэвсгийн технологийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг гэж АЗ-ийн баталсан тогтоолд дурдсан байдаг аж.  

“Тогтоолыг нь ноцтой зөрчсөн Умард Солонгосын үйлдлийн хариуд АЗ-ийн гишүүд шинэ тогтоол батална” гэж Рамирес мэдэгджээ. Тэрбээр тогтоолын төслийг боловсруулах ажлыг ойрын өдрүүдэд үргэлжлүүлнэ гэдгийг онцлон хэлсэн байна.

Умард Солонгос ням гарагт тус улсын баруун эрэгт оршдог “Сохэ” сансрын буудлаас баллистик пуужин харважээ. Арван минутын дараа пуужин Японы Окинава мужийн дээгүүр нисч өнгөрсөн байна. Умард Солонгос Шар тэнгисийн өмнөд хэсэг рүү пуужин харвасан гэж АНУ сүүлд мэдэгджээ. Үүний дараа Умард Солонгосын Төв телевизээр "Кванмёнсон-4" хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө гэж мэдээлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ