Сирийн энхийн хэлэлцээнд оролцогч талуудтай Стаффан де Мистура уулзлаа

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-02-01 10:03:20

ЖЕНЕВ. /NHK/. НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчидтэй тус тусад нь уулзжээ.

Сирийн энхийн хэлэлцээ өнгөрсөн баасан гарагт Женевт эхэлсэн бөгөөд тэрбээр ням гарагт төлөөлөгчидтэй уулзсан байна. Цаашид Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин хооронд шууд хэлэлцээ явуулахын тулд тэрбээр талуудын санал зөрөлдөөнийг арилгахыг хичээж байна.

Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид анх удаа Стаффан де Мистуратай уулзаж, Засгийн газрын хүчинтэй шууд хэлэлцээ хийх урьдчилсан болзлыг, тухайлбал, энгийн иргэдийг чиглэсэн агаарын цохилтоо зогсоож, бүслэлтэд байгаа хотууд руу хүмүүнлэгийн тусламж хүргэх боломжийг бий болгохыг шаарджээ.

“Бидний тавьсан урьдчилсан болзлыг Засгийн газрын хүчин хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Стаффан де Мистура илэрхийлсэн. Гэвч урьдчилсан болзлыг Засгийн газрын хүчин биелүүлэхийн тулд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тэрбээр дурдаагүй” гэж сөрөг хүчин мэдэгдэв.

“Жейш аль-Ислам” буюу “Лалын арми”-ийг сөрөг хүчний төлөөлөгчдийн дунд оруулсантай холбогдуулан НҮБ-д суугаа Сирийн байнгын төлөөлөгч Башар Жафари, Засгийн газрын хүчин террористуудтай нэг дор суухгүй, яриа хэлцээ ч хийхгүй гэж мэдэгджээ. Засгийн газрын хүчин “Лалын арми”-ийг террорист байгууллага хэмээн үздэг байна.

НҮБ өнөөдөр талуудтай дахин уулзахаар төлөвлөжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ